Орос даяар Лениний хөшөөг буулгахаар болжээ
Большевикуудын хувьсгалын их удирдагч Владимир Ильич Ленинд зориулан Оросын бүх хот, суурингийн төв гудамж, талбайд босгосон хөшөөнөөс хагацахаар болжээ. Үүнийг санаачлагч ОХУ-ын Чөлөөт-Ардчилсан Нам (ОЧАН)-ын депутат Александр Курдюмов ярихдаа “Төр, нийгмийн зүтгэлтнүүдэд зориулсан хөшөө, дурсгал заавал байх ёстой. Харин тэдгээрийг нэг бол музейд, аль эсвэл ижил төстэй бусад түүхэн хүмүүсийн дурсгал бүхий цэцэрлэгт гудамжуудад байршуулах нь зохистой” хэмээжээ.
“Известия” сонинд бичсэнээр, Лениний хөшөөг буулгах уг санаачлагыг эрх баригч Нэгдсэн Орос намын зарим гишүүд талархалтайгаар хүлээн авчээ. Курдюмовын хэлж буйгаар хөшөөг буулгах гол үндэслэл нь тэдгээрт хийх засвар, үйлчилгээний өртөг асар өссөнтэй холбоотой гэнэ. Тэрбээр хөшөөнүүдийг музейд байрлуулснаар эвдрэл гэмтэл, бохирдол, соёлын өвийн хорлон сүйтгэгчдийн үйлдлээс найдвартай хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Зөвлөлт засгийн үед Ленинд зориулан босгосон хөшөө одоо хэр Оросын бараг бүх хотын төв талбайд сүндэрлэсээр байгаа билээ. Мөн түүний нэрээр нэрлэсэн гудамжгүй нэг ч хот, нэг ч суурин байдаггүй ажээ. Курдюмов цааш ярихдаа “Агуу Лениний хөшөөг буулгах цаг нэгэнт болсон. Энэхүү жинхэнэ урлагийн бүтээл хэмээн тооцогддог хөшөө, дурсгалыг орон нутгийн ард иргэдийн байрлуулах хүсэлтэй газарт нь шилжүүлэн байршуулах нь зохистой.
Оросын ихэнх хотуудад Их Петр, Александр Суворов, Догшин Иван зэрэг суутнуудад зориулсан хөшөө байхгүй атал зөвхөн Лениний хөшөө олноор байх нь шударга бус хэрэг. Энэ саналтай холбоотойгоор муж, орон нутгийн удирдлагууд Лениний хөшөөг хаана шилжүүлэн байрлуулах хүсэлтэй байгаа тухайд олон нийтийн санал асуулга явуулах шаардлагатай.
Хэрэв тэд ийм хөшөө байлгахыг хүсэхгүй бол тэдгээрийг буулгаж, нэг бол музейд шилжүүлж, аль эсвэл соёлын өвийн дурсгал цуглуулагчдад худалдах болно. Харин хөшөөний борлуулалтаас орсон орлогыг шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор зарцуулах бүрэн боломжтой юм” гэжээ.
Тэгвэл, ОХУ-ын Коммунист намынхан (ОХУКН) үзэл суртлынх нь гол үндэслэгчид зориулан босгосон хөшөө, дурсгалыг буулгах ажлыг эрс эсэргүүцэх нь мэдээжийн хэрэг ажээ. Тус намын гишүүн Сергей Обухов: “Ленин бол ОХУ-ыг үндэслэгч эцэг яахын аргагүй мөн. АНУ-д Жорж Вашингтоныг хэрхэн үздэгтэй адил хэрэг шүү дээ” хэмээн онцолжээ.
Тэр бүү хэл Большевикуудын удирдагчийн гарын үсэг бүхий зарим нэг хууль өнөө хир Орос улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Мөн түүхийн үнэ цэнэтэй “уран барилгын өв”-ийг нураах нь хуульд харьшилсан үйлдэл болох болно хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL:





