Улстөрийн сүлд мод

Гялалзсан саа, өнгийн гэрэлгүйгээр шинэ оны хөхүүн баярыг яахин төсөөлж болох. Сүлд модны мөчирт хүүхдүүд хүслээ бичин өлгөж, ирэх жилүүдэд ихээ том болж, энэ хэрээр мөрөөдөл хүслээ гүйцээх ид шидийн хүчийг олдог гэдэгт би итгэдэг.
Ерөөс хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахын утга учир өнгөрснийг өнгөрсөнд үлдээж, ирээдүйд итгэл төгс болох эрч хүчийг олж авах билээ. Арван хоёр оны төгсгөлд дэлхий ертөнц сүйрэх тухай бөмбөрцөг даяараа шуугиж, басхүү битүүхэн айдаст автав.
Хэдэн жилийн турш айхгүй ч аягүйтүүлсэн айдас ард үлдсэн нь магадгүй хүн төрөлхтний хувьд хамгийн том баяр байж болох юм. Амьдран буй цэнхэрхэн дэлхийгээ хайрлахын утга учрыг хүн бидэнд сануулсан том сургамж бас болж чадлаа. Монголд дэлхийн бусад орны нэгэн адил ертөнц сүйрсэнгүй, бас дэлхийн олон орны нэгэн адил сонгуулийн жил тохиолоо.
Энэ хэрээр үйл явдал арвин, бид бүхнээр цаг ямагт “оролдож” байдаг улстөрийн шийдвэр олонтой нэгэн оныг үдэж байна. Сүлд модны бөмбөлгөн чимэглэлийг улиран одож буй оны амжилт ололт, алдаа оноо бүхнээр бас төлөөлүүлэн өлгөж болно. Хамгийн том амжилт дагуулсан үйл явдлын бөмбөлгийг бүр дээр нь томоос том, тодоос тод өнгөтэйг өлгөчихье.
Алдаа, оноотой ч Монголын төр, засаг шинээр эмхлэгдсэн түүхэн үйл явдал УИХ-ын сонгуулийг том алаг бөмбөлгөөр төлөөлүүлье. Арай том цэнхэр бөөрөнд нь АН-ыг төсөөлж, хажуу талын улаанд Ардын намыг, жижиг шаргал хэсэгт “Шударга ёс” эвсэл, ИЗН, бие даагчид багтаг ээ.
Эдгээр нь Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг бүрдүүлж байгаа ч харамсалтай нь улаан өнгийн хэсгийнхэн арван хоёр оны төгсгөл хүртэл ихэд бүдэг, улалзах төдийд үзэгдсэн билээ. Цэнхэрийнхэн цээжээ хэт түрснээс өнгө өнгө сүлэлдэн байж бодлого шийдвэр гардаг парламент хэмээх байгууллагын утга чанар ч алдагдаж, арван хоёр оны алдааг тэргүүлэх дээрээ тулжээ.
Ашгүй гэвч сүлд модоо засах баярын хөхүүн уур амьсгал дунд мөнөөх улаан хэсгийнхэн урагш түрэх боломжтой болов. МАН-ын бүлэг хуулийн дагуу байгуулагдсан учир цаашид хүчтэй ажилланаа хэмээн удирдлага нь ч чангаар мэдэгдлээ.
Алаг бөмбөлгийн бөөртэй зүйрлэсэн нь баярын уур амьсгалтай л холбоотой юм. Ерөөс сөрөг хүчин бол ардчилсан орны парламентын амин сүнс учир тооны давуу олонхиос ч илүү тод өнгөөр харагддаг жамтай. Тэгж байж гэмээнэ ардчилалтай, хяналттай байхын утга чанар оршино.
Цэнхэр өнгөөр өөрсдийгөө зүйрлэдэг АН-ынхан хэт түрэмгийлэх оролдлогыг өнөөдөр ч гаргасаар байна. Цаашид ч арга барилын хувьд өөрчлөгдөхгүй л болов уу. Тиймээс оны босгон дээр тодоор гэрэлтэж эхэлсэн улаан өнгийнхөнд найдах л үлдэж байна.
Арван гурван оныг угтах баярын цэнгүүн дээрээ ах намынхан мэдээж амжилт, ололт, алдаа дутагдлаа цэгнэж таарна. Сонгуулийн жилийн амжилт санасанд хүрээгүй тул өнгөрч буй жилийн амжилтын хундага цалгим хөөртэй байж чадахгүй. Гэхдээ ирэх жилүүдэд ахиж дэвжихийн төлөөх ерөөл бэлгэдлийн хундага харин чин сэтгэлийнх байх болов уу.
Үүгээрээ, басхүү сөрөг хүчний дуу хоолойг үгүйлсэн түмэн олны дэмээр улаан бөөр улам ч тодрон гэрэлтэж байгааг бас анзаараарай. Парламент хэмээх алаг бөмбөлгийн доохно Н.Алтанхуягийн Засгийн газрын шаргал бөмбөлгийг зүүчихье. “Шинэчлэлийн” Засгийн газрын сайдуудын хоёроос бусад нь парламентын танхимаас бүрдсэн тул эрх ашиг нь цэнхэр бөөрөнд уяатай байх аж.
Түүнчлэн төрийн албан хаагчид хэмээх монгол төрийн жинхэнэ албатуудын ашиг сонирхол түмэн олноо бус, төрийн эрх барих дээд байгууллагад олон суудалтай АН-аас хамааралтай болсон нь улирч буй оны эрх баригчдын хийсэн том алдаа болов.
Нийтээрээ шахам нэг намын хараат болсон төрийн алба ингэж улстөржсөн нь түмэн олон, төр улсад халтай тул магадгүй монголчуудын бүгдийн алдаа болон “бууж” мэдэх юм. Ажлаасаа халагдсан хэдэн зуун төрийн албан хаагчид ажилгүй болон шинэ оныг угтаж байгаа нь төрийн баталсан хууль, дүрмийн заалтаас гажууд үзэгдэл юм.
Шинэчилж, өөрчилнө хэмээн зориг шулуудсан гэх шаргалхан бөмбөлгийн эздэд олны ам тийм ч сайн биш байсаар дараагийн жилтэй золгож байна. Олон асуудалд төрийн бодлого тодорхойгүй байсаар байгаа тул дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагынхан ирэх оны төсөв, төлөвлөгөөгөө төсөөлөл муутай хийсэн гэлцэж байна.
Ерөөс “шинэчлэлийн” гэсэн гоёхон үгээр асуудлыг шийдэхгүй тул олон нийт Засгийн газраас бодит ажлын хүлээлтийг сүлд модны бөмбөлгийн хажууд нь хүсэл болгон бичиж буй гэлтэй. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ард түмнийхээ хүслийг алтан хайрцагт хийгээд хав дарчихгүй л бол нэгийг сэрж, хоёрыг тунгаах буй за.
Монгол төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бөмбөлөг гүн цэнхэр өнгөтэй гэж төсөөлье. Үндсэн хуулийн дагуу Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эрхэм Ерөнхийлөгч ийм байх үүргээсээ гажиж, улам бүр цэнхэртсээр байгаа билээ.
Алаг бөмбөлгийн хажуу бөөрийг төлөөлүүлсэн АН-ын эрх ашигт л үйлчлэх учиртай мэт өөрийгөө төсөөлсөн “ эв нэгдлийг илэрхийлэгч”- ийн бөмбөлгийг Н.Алтанхуяг нарынхтай ойрхон өлгөхөд болохгүй зүйлгүй. Ард түмнийг төлөөлсөн бөмбөлгүүд бусад олон нь гэвэл тэдэн дунд холилдож огт чадахгүй билээ.
Үндсэн хуулийн дагуу Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван бие даасан засаглалтай. Гэтэл шүүх засаглал Ерөнхийлөгч ба Засгийн газрын дохиурын хүүхэлдэй мэт болсон тул тэд бас л цэнхэрхэн бөмбөлгөөр зүйрлэгдэх нь. Эмгэнэлтэй хэрэг. Дан ганц цэнхэр голдуу өнгүүд тээр дээр “заларч” бас л таарахгүй мэт.
Учир нь засаглалын эрх мэдэл ард түмний гарт байх ёстой бус уу. Ард түмэн гэдэг өнгө өнгийн сүлэлдээн. Цэнхэрүүдийг хүчээр олон өнгөн дунд холилоо гэхэд ялгарч бөөгнөрөөд нэг л биш ээ. Өнгийн саа, гэрлэн чимэглэлтэй сүлд модонд хүслээ бичих зай бас үлдсээн.
Тэнд өнгөрсөн онд гаргасан эрх баригчдын олон алдааг засах чин хүслээ даймаар байна. Хуулийн засаглалтай улс юм бол Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдаасаа эхлэн хуулиа дагадаг болох үнэнхүү хүсэл монгол хүн бүрийн зүрхэнд булиглаж байгаа гэж найдна.
Түмэн өнгөөр сүлэлдэн байх ард түмний эвийг зангидаж, итгэлийг бөхөлж байх учиртай Ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болно. Яг л ийм хүн төрийн тэргүүн болоосой гэсэн хүслийн бичиг үлдээлээ шүү. 2012 оны сүүлийн хагас жилд бөхөх шахсан ардчиллын зарчмыг эргүүлэн авчрахыг ард түмэн бас хүсч байна.
За ингээд гялалзсан саа, өнгийн гэрэлтэй мөнх ногоон гацуурын өмнө баярын хундага тулгая. Өөр өөрийнхөөрөө мөрөөдөж, хүсч болдог шинэ жилийн баяраар өөр юуг ч хүсэн хүлээж болох билээ. Олонхийн хүсэл мөрөөдөл нэгэн зүгт чиглэж байж биеллээ олох ч нигууртай. Монголчуудын олонхи юу хүсдэг гээч.
Улстөрийн сүлд модыг зурсан шиг цөөнх эрх мэдэлтэн тэрүүхэндээ бөөгнөрч, нэг өнгөөөр сүлэлдэхийг лав хүсэхгүй. Улстөр гэгч хүссэн, хүсээгүй хүн бүрийг оролдож байдаг тухай хэлсэн билээ. Тэгвэл өөрийг нь оролдоод байгаа улстөрийн сүлд модны бөмбөлөг бүр өөр өөр өнгөтэй байхыг хүсч байна.
Т.БҮДЭЭХҮҮ

URL:

Сэтгэгдэл бичих