Эрүүл мэндийн салбарт их өөрчлөлт дутагдаж байна

Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг цэвэрлэх ажиллагаа эхлээд удаагүй байна. Салбарын сайдынх нь үйл хөдлөл энэ яаманд их зүйл хийх хэрэгтэй гэдгийг сануулах шиг. Сав л хийвэл эмч нарын алдаанаас эмчлүүлэгч нь эндэж, эрүүл мэндээрээ хохирдог эмгэг хууч энэ салбарт бий. Өнгөрсөн долоо хоногт салбарынх нь сайд нэр бүхий эмнэлгүүдээр десант бууж зөрчил гаргасан дарга нарыг зүгээр хараад өнгөрсөнгүй үүрэгт ажлаас нь чөлөөлж үндсэндээ их цэвэрлэгээ хийсэн гэхэд хилсдэхгүй.

 

Тэгвэл энэ удаад Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын болон Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга нар  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг даалгавар өгчээ. Эрүүл мэндийн удирдлагууд эхний ээлжинд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан байна

 

.Ингэх явцад, тус эмнэлгийн  Хүүхдийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн хамт олон болон Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан дэд захирал Б.Баясгалантай нартай уулзлсан аж. Энэ үеэр нярайн тус­ламж үйлчилгээний онцлог, эрсд­лийг тооцох, бууруулах төлөвлөгөө боловсруулах, хариу арга хэмжээ авах, дахин эмч, эмнэлгийн ажилтантай холбоотой хариуцлагын асуудал яригдахгүй байх талаар санал бодлоо солилцжээ.

 

Мөн “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 429 дүгээр тушаалыг танилцуулж тайлбарлан санал солилцсон байна. Муу нуухаар сайн илчил гэгчээр эмнэлгийнхэн эмнэлэгтээ дутагдалтай байгаа зүйлсээ илэн далангүй хэлсэн аж. Тухайлбал, нярайн тусламж үйлчилгээний онцлогт тохирсон халаадаг ширээ хэрэгтэйг аминчлан “гуйсан” байна.

 

Үүнд албаныхан нярайн тусламж үйлчилгээний онц­логт тохирсон шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх тухай ярьжээ. Харин дараагийн зог­соол болох Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн удирдлагуудыг ийн хүлээн авлаа. Тус эмнэлгийн эм­чил­гээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг болон инженер, засвар үйлчилгээний ажилт­нуудтай албаныхан уулзсан байна.

 

Энэ үеэр тулгамдаж буй асуудлаа хэлж туслалцаа хүссэн аж. Тодруулбал, шаардлагатай эмнэлгийн аппарат энэ  сарын 24 гэхэд орж ирнэ. Тэгэхээр ажиллуулах хүний нөөц дутагдалтай, усны дээжийн шинжилгээг Стандарт хэмжилзүйн төвд өгөх, зөөлөн эдлэл, эд хогшил худалдан авах санхүүжилтгүй гэх зовлонг салбарынханд тоочсон байна.

 

Иймээс албаныхан гемодиализийн аппаратад орох нэн шаардлагатай 27 өвчтөний асуудлыг шийдэхэд тус аппаратыг бүрэн яаралтай ашиглалтад оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж, засварын ажлыг энэ сарын 18-ны өдөр гэхэд дуусгахыг эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очирт даалгасан аж. Мөн аппарат ажиллуулах их эмч, сувилагч нарыг УНТЭ-ийн Гемодиализийн төвд сургах, тус төвөөс мэргэжилтэн 7-14 хоног ажиллуулах асуудлыг ЭМЯ-ны ОЭТХ-т үүрэгдэв.

 

Түүнчлэн зөөлөн эдлэл, эд хогшил худалдан авах санхүүжилтийг эхний улиралд (нэгдүгээр сард) олгох талаар ЭМЯ-ны Санхүү, эдийн засагт тавьж, шийдвэрлүүлэх ЭМЯ-ны ОЭТХ-т тус тус үүрэг болгожээ. Эмч нарын эцсийн буудал Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах байв. Тус эмнэлэг нь 60 ортой. 2013 онд 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орсон байна.

 

Хүлээн авах тасагтаа яаралтай түргэн тусламжийн хэсэгтэй аж. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад  “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны 429 дүгээр тушаалын дагуу лавлагаа төвтэй хэрхэн хамтарч ажиллах талаар, Нэгдсэн эмнэлгийн дэргэд Гэмтлийн яаралтай тусламжийн тасаг, нэгж байгуулах асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Үүний үр дүнд нэгдсэн эмнэлгийн дэргэд Гэмтлийн яаралтай тусламжийн тасаг, нэгж байгуулах талаар холбогдох арга хэмжээ авахаар болжээ.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих