Х.Тэмүүжин сайдад илгээсэн мессежний эзэн нь О.Цолмон байв
Хууль зүйн сайдад дахиад л “заналхийлсэн” мессеж ирүүлжээ. Учир нь сайд өөрөө “Соёлтойгоор заналхийлэх юм даа” гээд мессежээ нийтэд дэлгэсэн юм. Утаснаасаа зургийг нь авч твийтр хуудсандаа мэдээлэхэд нь сонирхон харвал дэндүү танил дугаар дурайж байх нь тэр. Энэ дугаарыг улс төрийн хүрээний олон хүн мэдэх биз. Учир нь тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн дугаар байв. Түүний захидалд “Бурхан бүхнийг харж байгаа. Чи энэ албан тушаалд хэдэн монголын эрчүүд, эмэгтэйчүүдийг устгах гэж муу ёрлож гарч ирэв ээ. Чиний хүүхэд болж төрсөн танай хүүхдүүдийг би өрөвдөж байна. Чи Монголд хар нэртэй үлдэх хүн байна даа” хэмээн бичжээ.
Гэхдээ О.Цолмон мессежнийхээ эхэнд “Чамайг занаж байгаа ээжүүд нэмэгдээд л байх юм. Чи яасан зоригтой юм бэ. Ийм зоригтой хүн хүнтэй сууж хүүхэд гаргаж болохгүй л байдаг юм даа. Яасан ч их нулимс уудаг юм бэ дээ. Энэ нулимс чамд биш чиний хүүхдүүдэд унана гэж чамд хэн ч хэлсэнгүй юу” хэмээснийг Х.Тэмүүжин сайд твийтр хуудсандаа дэлгэжээ.
Түүнд өчигдөр О.Цолмонгоос олон мессеж ирсэн ч бүгдийг нь хадгалж үлдээсэн нь лавтай. Заримаас нь сонирхуулахад “Бид ер мэдээгүй байсан бол яах вэ. Бид зохион байгуулсан бол ийм мессеж явуулахгүй” хэмээсэн нь Н.Энхбаярыг өмөөрсөн ээжүүдийн жагсаалаас үүдэн бухимдсандаа ийнхүү бичжээ гэж ойлгогдохоор байна. Нэгэн цагт Төрийн тэргүүний өндөр сэнтийд заларч байсан түүнийг гэнэт долоон сая ам.долларын хэргээр шалгагдаж улмаар ял эдлэх болсонд ханийн хувьд цочирдож, бухимдсан байж болно. Харин бухимдал цочирдлоосоо болж Хууль зүйн сайдад ийм захидал илгээсэн нь хачирхалтай. Уг нь шүүхийн шийдвэрт Хууль зүйн сайд хамаагүй гэдгийг өндөр мэдлэг боловсролтой Тэргүүн хатагтай асан сайн мэдэж байгаа болов уу.
Гэтэл түүний удаах захидлууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах учиртай ч мөн л Х.Тэмүүжин сайдад илгээгдсэн байх юм. Тухайлбал “Элбэгдоржийн нүгэл хязгааргүй бөгөөд аймшигтай. Тэр хүний эдлэх ёстой нүглийг чи нимгэлж хүүхдүүддээ үүрүүлмээр байгаа бол би яах вэ дээ. Нөхрийн минь мууг сайн үз. Амжилт хүсье” хэмээн үргэлжлэх нь уг захидлыг уншсан хүмүүст тун эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Гэхдээ “заналхийлэл” гэхээсээ илүү “анхааруулга” гэмээр өнгө аястай аж.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яагаад уг захидлыг твийтр хуудаснаа дэлгэх болов гэдгийг олон хүн гайхаж байгаа биз ээ. Тэрбээр Хууль зүйн сайдын албыг хаших болсноосоо эхлэн Монголын ард түмний төдийлөн мэддэггүй байсан, “хөшигний цаадах” олон үйл явдлын зах зухаас нийтэд дэлгэж эхэлсэн. Тухайлбал тус яамны нэр дээр ирдэг, эгэл ардын хүүхдэд олддоггүй “гоё” их, дээд сургуулиудад хэний хүүхэд явдаг байсныг ил тод мэдээлсэн. Ажлаа хийхэд нь саад болж ямар нэг тал тохой татах гэсэн, дарамт шахалт үзүүлэх, заналхийлж айлгах гэсэн оролдлого бүхнийг цахим хуудсаар мэдээлж байсан нь анхаарал татаж байлаа.
Оны өмнөхөн ШШГЕГ-ын дарга /тухайн үед албан тушаалаа өгөөгүй байсан/ М.Ганхүүгийн гэргий УИХ-ын Тамгын газрын ажилтан Н.Нарантуяагаас “заналхийлсэн” захидал хүлээн авсан. Хүүгийнх нь ажлыг өөрчилсөн, нөхрийг нь ажлаас халах нь тодорхой болоод буйг мэдсэн ээжийн энэ үйлдэл зохих шийтгэлээ хүлээж буй. Харин өчигдрийн хувьд нэгэн цагт “хаан” байсан хүний “хатан” аснаас хүлээн авсан энэ захидлын үгний үзүүр алаг үрс рүү нь чиглээд байгаа нь аймшигтай.
О.Цолмон нөхрөө баривчлагдсан тэр шөнө телевизээр ярилцлага өгч байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай ноцтой зүйлүүдийг ярьсан ч олон нийт түүнийг сэтгэлийн хямралтай байсных хэмээн тэгтлээ ач холбогдол өгөөгүй. Гэхдээ үйлийн үр, тэр тусмаа өнөөдөр хийсэн үг, үйлдлийн хариу үр хүүхдэд тусдаг талаар буддын шашинтай холбон тайлбарласан нь бодууштай, бас уг шашинд дэндүү гүнзгий итгэж биширдэг болсон нь анзаарагдаж байсан юм. Тиймээс ч үйлийн үр гэгчээр өнөөдрийн үйл явдал, нөхцөл байдал, тэр ч байтугай шүүхээр оноосон хуулийн хариуцлагыг тайлбарлах гэж оролдож буй нь боловсролыг шүтсэн энэхүү элит гэр бүлийн хувьд зохимжгүй мэт.
Гэхдээ энэ удаад Х.Тэмүүжин сайд түүний мессежийг олон нийтэд мэдээлсэн ч хуулийн хариуцлага хүлээлгэх гээгүй, ойлгож уучлахыг хичээж буй бололтой. Тиймээс ч “соёлтойгоор дарамталж, заналхийлэх юм даа” хэмээсэн биз. Нөгөөтэйгүүр хэдийгээр Хууль зүйн сайдад бичсэн боловч Төрийн ордны бичиг хэргээр дамжиж, эсвэл хаалган доогуур нь шургуулсан захидлыг бодвол хувийн харилцааны үүднээс хандаж бичсэн мэт уур амьсгал үүсгэсэн нь үүнд нөлөөлсөн биз ээ. Х.Тэмүүжин сайдад заналхийлсэн дараагийн захидал хэнээс, хэзээ ирэх бол гэдгийг хэн ч таашгүй боловч энэ бүхэнд олон нийт дөжрөх вий гэсэн эмзэглэл бас төрснийг нуух юун. Түүнчлэн О.Цолмон ийм захиаг зөвхөн Х.Тэмүүжинд л бичсэн гэж бас бодохгүй байна. Нэгэн цагт нөхрийнх нь буянд ажил, амьдралтай болсон ч нүүр буруулсан, өнөөдөр Н.Энхбаярыг торны цаана хоригдон суугаад ямар нэг байдлаар холбоотой хүмүүс ч иймэрхүү захидал хүлээн авсан байж болох юм. Гэхдээ тэд хэзээ ч Х.Тэмүүжин шиг олон нийтэд дэлгэхгүй л дээ.
У.Оргилмаа

URL:













