Давхардсан дугаарыг шалгаж эхлэв

2738Нийслэлийн удирдах ажилт­­нуудын ээлжит шуурхай зөв­лөгөөн өчиг­дөр боллоо. Зөв­лөгөөний эхэнд нийслэлийн Засаг даргын захи­­рамжаар шинээр томилогдсон албан тушаалт­нуудыг  нийслэлийн ЗДТГ-ын дарга  Ё.Гэрэлчулуун танил­­цуул­лаа. Нийслэлийн Засаг дар­гын захирамжаар Багахан­гай дүүр­гийн Засаг даргаар  С.Эр­дэнэбаяр, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар Т.Баттулга, Улаанбаатар сангийн гүйцэтгэх захирлаар Ш.Одгэрэл, Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар Б.Батцэнгэл, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргаар  Я.Байгальмаа нарыг   томилжээ.

Зөвлөөгөөний үеэр нийс­лэлийн өнгөрсөн 21 хоногийн нөх­цөл байдлын талаар мэдээл­лийг НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө. Сар шинийн баярын өдрүүдээр  НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын албан хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт болон гал түймэр,осол аваарын дуудлага буурсан үзүүлэлт гарсан гэдгийг албаныхан онцолсон юм.

Нийслэлийн цагдаагийн газарт  иргэдээс 5130 мэдээ, мэдээ­лэл ирснийг   шалгаж шийд­вэрлэн, согтууруулах ундаа­гаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага,үйлчилгээний газ­руудын цагийн хуваарьт хяналт тавин  ажиллажээ. Мөн иргэдийн мэдээллийн дагуу 01-01 УНА, 55-58 УБЗ, 77-79 УБТ, 13-13 УБЗ, 08-08 УНИ, 04-04 УНҮ, 11-12 УБТ, 22-88 УБВ, 58-88 УНҮ, 88-88 УБХ, 00-01 УБС, 22-22 УБЧ, 22-99 УБВ, 75-44 УНЭ гэсэн 14 давхардсан  дугаартай автомашинуудыг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Харин Нийслэлийн онцгой байдлын газраас  өнгөрсөн хугацаанд гал түймрийн 137 удаагийн дуудлага ирсэн бөгөөд  86 нь буюу 62.8 хувь нь гэр хороололд, 51 нь буюу 37.2 хувь нь орон сууцанд гарсан галын  дуудлага байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  23.1 хувиар буурсан үзүүлэлт гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга мэдээллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сар шинийн баярын өмнөх өдрүүдэд болон баярын өдрүүдэд нийслэлийн цагдаагийн газар, замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн  үүргээ сайн биелүүлсэн гэдгийг  онцлоод,  баярын өмнөх долоо хоногт түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлсэн юм. Мөн  нэгдүгээр эгнээг тус­гаар­ласан шонг дайрч эвдэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа учир нийслэлээс олон сая төгрөгийг зарцуулсан энэ ажилд хариуцлагатай хандаж, дүрэм зөрчсөн жолооч нарт торгууль ногдуулахыг үүрэг болголоо. Улаан­баатар хотод байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын гадна хаяг, зар сурталчилгааг монгол крилл бичгээр болгох ажлыг энэ оны I  улиралд багтаан гүйцэтгэх, Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байгаад ажилгүй болсон иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах арга хэмжээг Налайх дүүргийн ЗДТГ, салбарын яамтай хамтран хэрэгжүүлэхийг  холбогдох газ­руу­дад  үүрэг болголоо.

 

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих