Юрий Гагарины нууцлаг үхлийг дэлгэсэн ном гарч байна
Хүн төрөлхтний мөрийг сансарт анх гаргасан Юрий Гагарины үхлийн талаарх архивийн нууц баримтыг Орос улс анх удаа дэлгэх гэж байна.Сансарт анх ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан “Маш нууц” хэмээн анхааруулан бичээд Леонид Брежневийн гарын үсэг зурсан комиссын дүгнэлтээс олон нийтэд толилуулах юм байна.
Юрий Гагарины нууцлаг үхлийг дэлгэсэн ном гарч байна. Уг номонд Гагарины үхлийн шалтгааныг цаг агаарын хэмжилт хийдэг агаарын бөмбөлөгтэй мөргөлдөхөөс сэргийлж, хөлгөө огцом эргүүлснээс болсон хэмээн уг дүгнэлтэд бичсэн байна.Түүхт ойн өдөрт зориулан гунигт үхлийн нууцыг хөндсөн 700 хуудастай ном хэвлэж байгаа юм.Архивийн материалаас авсан хоёр хуудас дүгнэлтээс гадна эл хэргийг шалгаж байсан Зөвлөлтийн батлан хамгаалахын ажилтнууд, ЗХУ-ын баатар, маршаллууд болох Леонид Смирнов, Дмитрий Устинов нарын дурдатгал, яриа ч мөн багтжээ.Энэ номыг ердөө 800 хувь л хэвлэж байгаа юм байна.Түүх сөхвөл 1968 оны 3 сарын 27-ны өдөр Гагарин нэгэн хамтрагчынхаа хамт сургуулилтын нислэг үйлдэж байгаад MiG-15 онгоцтойгоо унаж нас барсан гэсэн албан ёсны тайлбар байдаг юм.Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан өөр Su-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж түүний онгоц удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.Хожим буюу 2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбарлажээ.
URL:




