Дулааны улиралд агаарын бохирдол буурахаа больжээ

utaas-ӨНГӨРСӨН ОНД АГААР ДАХЬ ТООСОНЦОРЫН ХЭМЖЭЭ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

 

Бид өвлийн турш утаагаар амьсгалсан улаанбаатарчууд хавар­тай золгов. Гэвч зам, барилгын компаниудын буруугаас болж дулааны улиралд цэвэр агаараар амьсгалж чадахгүйн бололтой.

Их хотод бүтээн байгуулалтын ажил ч эхлэх цаг боллоо. Өөрөөр хэлбэл, нийслэлд өндөр байшин, өргөн замуудыг барина. Тэрний хажуугаар тэнгэр хур бороогоо хааяа нэг хайрладаг Улаанбаатарт хумхын тоос хаа сайгүй босно. Гэвч агаар дахь тоосонцрын хэмжээ ихэсдэг нь байгалийн жамаараа биш. Харин  газар ухчихаад шороог нь эргүүлж булахгүй хөрсөн дээр сул орхидог хариуцлагагүй компани, хүмүүсийн харгайгаас болж биднийг хордуулах эх үүсвэр бүрдчихдэг аж. Эдгээр асуудлын талаар  сурвалжлага бэлтгэлээ.

БАРИЛГЫН КОМПАНИУД МАШИНЫХАА ДУГУЙГ

УГААДАГГҮЙ

Эхлээд Агаарын чанарын мэргэжлийн албаныханаас өнгөр­сөн онд тоосонцор яг ямар хэмжээгээр нэмэгдчихсэн, одоо ямар байгаа, гол үүсгэгч нь чухам юу юм бэ гэдгийг тодруулахаар очлоо. Үнэндээ бодлого боловсруулагч, шийдвэр гаргачид нь хүртэл утаа, тоосонцортой өвөл л тэмцдэг. Гэтэл судалгаа, ажиглалт хийдэг мэргэжлийн байгууллагынх нь дүн мэдээ тэс өөр гардгийг онцлох нь зөв байх. Тухайлбал агаарын бохирдолтой тэмцэж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй, мөн хурал дээр ирсэн холбогдох дарга нар агаарын бохирдол буурчихлаа гэх зэрэг гэж баахан танилцуулга хэлдэг. Гэвч Агаарын чанарын мэргэжлийн албаныхан “Дарга нар бохирдуулагч нь буурсныг хэлээд байхаас биш нийслэлийн агаарын бохирдлын нийт хэмжээ яг буурсан уу гэвэл тийм ч багасаагүй” гэх хариултыг өгч байсан.

Тус албаны мэргэжилтэн Ж.Баярмагнай холбогдох асуудлаар ингэж ярилаа. Тэрбээр “Тоосжилтыг бүдүүн, нарийн ширхэглэлт гэж ангилдаг. Нийслэлд өвлийн улиралд тоосонцорын хэмжээ хамгийн их байдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ дулааны улиралд ч гэсэн стандартын хэмжээнээсээ багасахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд харин ч ихсэх хандлага ажиглагдаж байна. Зуны улиралд галлагаанаас шалтгаалах тоосонцор багасдаг боловч бүтээн байгуулалттай холбоотой агаар бохирдуулагч эрс нэмэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, зам талбай, автомашины дугуй, дотоод хөдөлгүүрийн шаталт, ургамал, барилгын ажил. Мөн манайхан нэг буруу зүйл хийдэг нь намрын улиралд айлууд хашаан дахь зэрлэг өвсөө шатааж түүнээс нь үнс гардаг зэргээс агаар дахь тоосонцрын хэмжээ ихэсч байна. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн ажил хийж байгаа компаниуд, хувь хүмүүс ухсан газрынхаа шороог ажлаа дуусгачихаад хурдан булчихгүй байлгасаар байгаад тэр нь бороо орсны дараа хатахаараа агаарт дэгддэг. Ийм байдлаас болж өнгөрсөн жил гэхэд агаар дахь тоосонцрын хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Өнгөрсөн оны долоодугаар сарын дундаж байдлаар таван харуулын хэмжилтээс үзэхэд нийт хэмжилтийн 29-31 хувьд нь стандартаас давсан гэх дүн гарсан байгаа. Хамгийн их бохирдолтой байсан хэсэг Үйлдвэр комбинатын буюу Гурважингийн гүүрний орчимд тоосжилт их байсан. Сарын дунджаар 120 микро грам метр куб /МгМ/ тоосонцрын хэмжээ ажиглагдсан нь өмнөх жилээс 40 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт байна. Байх ёстой хэмжээнээсээ 1.2 дахин давсан бол үүнээс бүр их буюу 278 МгМ куб тоосонцор стандартаасаа 2.8 дахин их гэсэн тоо гарсан” хэмээлээ.

Тэрбээр ийн хэлж байна. Харин агаар дахь тоосонцорыг өөгшүүлдэг бас нэг том зүйл нь барилгын компаниудтай шууд холбоотой гэнэ. Тодруулбал, барилгын ажлын орчинд байсан болон шавар зуурч буй автомашинууд дугуйгаа угаахгүй хөдөлгөөнд оролцдогоос болж тоосонцрыг бий болгочихдог аж. Харамсалтай нь өнөөдөр манай улсад хариуцлага тооцогч төрийн байгууллага, гүйцэтгэгч компаниуд нь дэндүү хайхрамжгүй учраас дулааны улиралд тоосноос салах боломж тун хязгаарлагдмал юмсанж.

Агаарын чанарын мэргэжлийн албаныхнаас дээрх тодруулгыг авсны дараа  нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох газрынхан “Дэд бүтцийн ажил явуулж буй компани, хувь хүмүүс суваг, шуудуугаа булсан үгүйг нь хянах боломжгүй” гэх хариултыг өгсөн.

УУШГИНЫ ӨВЧНИЙ НАС БАРАЛТЫН 30 ХУВЬД НЬ

НӨЛӨӨЛЖ БАЙНА

 

Мэдээж хэрэг агаарт дэгдэж, хүний амьсгалын зам руу орж байгаа тоосонцор эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг хөндье. “Хүний амьсгалын эрхтнүүд угаасаа тоос, тоосонцрыг хамгаалах чадвартай байдаг болохоор уушгины хорт хавдар үүсгэх хэмжээнд нөлөөлөхгүй байх” хэмээн бид бодож, ярьдаг нь дэндүү эндүүрэл байж. Тоос, тоосонцор нь хүн амын дундах амьсгалын замын өвчлөлийн гол хүчин зүйл нь болдог. Бүр тодруулбал хүн амын дундах зүрх, судас, уушгины өвчний нас баралтад 30 хувь нөлөөлж байгааг судлаачид тогтоожээ.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Ж.Оюунбилиг “Нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцрын хэмжээ хотын төв хэсгээр 75-100 мгр байгаа нь 30-40, гэр хороолол орчмоор 200-300мгр байгаа нь 100-120 дахин их гэсэн дүнг гаргаж байна. Тэгэхээр ингэж олон дахин их буй гол хөнөөл нь хүний удмын санд муугаар нөлөөлдөг” гэсэн.

Мөн Хавдар судлалын үндэсний төвийн уушгины эмч Л.Оюунцэцэг “Ер нь утаа, тоосонцрын хор хөнөөл хүний удамшилд нөлөөлөх, эрэгтэйчүүд нөхөн үржихүйн өвчлөлтэй болох, эмэгтэйчүүд удамшлын эмгэг, өндгөвчний үрэвсэлтэй болох, бага насны хүүхдүүд уушгины хорт хавдраар өвчлөх, дархлаа султай болох гээд бүх эд эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг. Тоо баримт дурьдахад манай төв ийм төрлийн өвчлөлтэй 4719 хүнийг 2009 онд, 2010 онд 5229 хүнийг эмчилсэн. Харин 2011 онд дээрх тоо 6000-д хүрлээ. Түүнчлэн нэг өдөрт уушгины хорт хавдартай 5-6 хүнийг оношилдог байсан бол сүүлийн үед энэ тоо 14-16 болж өссөн” хэмээв.

Энэ бүхний эцэст дулааны улиралд агаарын бохирдол буурдаг гэх ойлголт дэндүү өрөөсгөл байж. Гэхдээ бид өөрөө өөрсдийгөө л хордуулаад байна.

 

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих