Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алддаг

51

Агаарын бохирдол дэлхий нийтийн асуудал болоод удаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ мэдээллээс үзэхэд дэлхий дахинаа 10 хүн тутмын 9 нь бохирдолтой бодисын агууламжтай агаараар амьсгалж байгаа аж. Үүнээс гадна агаарын бохирдол, өрөөний агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амиа алдаж байна.

“Агаарын бохирдол бидэнд бүгдэд нь аюул заналхийлэл учруулж байна. Гэхдээ ядуу болон нийгэмд гадуурхагдсан иргэдийн нуруун дээр илүү хүнд ачаа болж ыайна. Гурван тэрбум гаруй хүн, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд өдөр бүр экологийн бус түлш шатаадаг ахуйн зуухны аюултай утаагаар амьсгалж байна. Агаарын бохирдолтой тэмцэх яаралтай арга хэмжээ авахгүй бол бид тогтвортой хөгжилд хүрч чадахгүй” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд жил бүр ойролцоогоор 7 сая орчим хүн хүний уушги, зүрх судасны системд гүн нэвтрэх чадвартай бичил хэсэг бүхий агаараар амьсгалснаас болж амиа алдаж байна. Эдгээр нь хүний биед нэвтэрснээр зүрх судасны өвчлөл, уушгины хорт хавдар, уушгины архаг авчин, амьсгалын замын халдвар, уушгины хатгалгаа үүсдэг.

2016 онд зөвхөн агаарын бохирдлоос болж 4,2 сая орчим хүн нас баржээ. Харин байр сууцандаа экологийн бус түлш, зуух хэрэглэж хоол ундаа бэлтгэснээс болж 3,8 сая орчим хүн амиа алджээ.

Амиа алдсан нийт тохиолдлын 90 гаруй хувь нь орлого багатай болон дундаж орлоготой улс орнуудад бүртгэгдэж байгаа юм. Эдгээр нь Ази, Африкийн орнууд бөгөөд тэдгээрийн араас Зүүн Газар дундын тэнгис орчим, Европ, Америкт бүртгэгдэж байна.

Агаарын бохирдол нь халдварт бус өвчлөл үүсэх чухал хүчин зүйлсийн нэгд орно. Ялангуяа насанд хүрэгчдийн дунд зүрхний өвчлөлийн 25 орчим хувь, тархинд цус харвалтын 25 хувь, зүрхний хурц өвчлөлийн 43 хувь, уушгины хорт хавдрын 29 хувь нь агаарын бохирдлоос болдог аж.


URL:

Сэтгэгдэл бичих