Аз, эзээр асуудлыг шийддэг төр засагтай улс ажээ, бид
Төр засгийн зүгээс иргэдийнхээ өмнө тулгарсан алив бэрхшээлийг шийдэх нэгэн шинэ төрлийн механизмийг бодож олсон нь “бингодох” арга байлаа. Өөрөөр хэлбэл аз, эзээр бүхнийг шийднэ гэсэн үг. Төрөөс орон сууц барина. Иргэд ТҮЦ машинд хэдэн мянгаараа бүртгүүлж, үүний дараа зурагтаар азын сугалаа явуулах аж . Энэ бүхний эцэст аль аз нь шовойсон айл өрхүүд шинэхэн байранд орох эрх хожино. Байранд орох эрх хожлоо гээд шууд орон сууцандаа яваад орчихгүй, аль нэг банкин дээр очиж, урьдчилгаа төлбөр, барьцаа мөнгөө заавал байршуулсны дараа дээр сая нэг хүсэн хүлээсэн байрандаа орно.Гэхдээ цахим системээр газрын азтан тодруулах ээлжит аз туршилт тийм ч төгс шийдэл биш бололтой. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4169 иргэн сонгогдож газар өмчлөх эрхтэй болжээ. Гэтэл уг дүүрэгт олгосон газарт Гён Шиг овогтой Мин Гён гэгч гадаадыэн иргэн газар өмчлөх эрх авсан, түүнчлэн нэг хүн хоёр удаа сонгогдсон тохиолдол ч бас гарсан нь иргэдэд эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн байна.
Энэ мэтчилэн сугалааны аргаар бүхнийг “хохиролгүй” шийдэх эл аргыг эрх баригчид цаашид улам төгөлдөржүүлэхийг ч үгүйсгэмгүй. Бүр тодруулбал, хууль санаачлагчид улс төрийн сонгуульд нэр дэвшигчдийг цахимаар бүртгэж, мөн адил сугалаагаар УИХ-ын 76-г тодруулаад явчихвал нэг их гайхах хэрэггүй л болов уу. Тэр цагт жинхэнэ утгаараа улс төрд шинэ од төрж, ард түмэн авлигач түшээдээсээ ангижрах ч юм билүү.
- See more at: http://society.time.mn/content/48377.shtml#sthash.hy94VYVh.dpuf
URL:













