Ямар мэргэжилтнүүд шилдэг ерөнхийлөгч болдог вэ

Америкчууд жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн даваа гаригийг “Ерөнхийлөгчийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Анх 1880 онд Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч, тусгаар тогтнолын төлөөх дайны баатар Жорж Вашингтоны төрсөн өдөр болох хоёрдугаар сарын 22-ныг олон нийтээр тэмдэглэдэг байжээ. Үүний зэрэгцээ тус улсын олон мужид иргэний дайн /1861-1865/-ы үед Ерөнхийлөгч байсан Авраам Линкольны төрсөн өдөр /хоёрдугаар сарын 12/-ийг тэмдэглэдэг байв. Харин 1968 онд Конгрессийн шийдвэрээр эдгээр баярыг нэгтгэн АНУ-ын бүх Ерөнхийлөгчийг хүндэтгэх баярын өдөр болгожээ. Эл өдөр тус улсын дунд сургуулиудад Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчдийн түүхийг сөхсөн хичээл ордог бөгөөд томоохон дэлгүүр, худалдааны байгууллагууд огцом хямдрал зарлаж ард иргэдээ баярлуулдаг уламжлалтай. Ер нь аль ч улс оронд Ерөнхийлөгчийн сонгууль болох жил энэ онцгой хүн хэн байх, ямар хүн шилдэг Ерөнхийлөгч болж чаддаг тухай асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төдийгүй ард олны дунд өргөн яригддаг сэдэв байдаг. Шилдэг Ерөнхийлөгчдийн талаар АНУ-д амьдардаг Оросын нэрт сэтгүүлч, тоймч, зохиолч Владимир Абариновын бичсэн түүхэн сурвалжлагыг Танд сонирхуулахаар бэлтгэлээ. Тэрбээр “Ямар мэргэжилтэй хүмүүс шилдэг Ерөнхийлөгч байж чаддаг вэ” гэсэн асуултад АНУ-ын шилдэг Ерөнхийлөгчдийн жишээн дээр тайлбарлан хариулахыг зорьжээ. Ерөнхийлөгч болоход бизнес сэтгэлгээ, ур чадвар чухал уу. Ер нь Ерөнхийлөгч хүн ямар зан чанар, чадвартай байх ёстой вэ. Ерөнхийлөгчийн албанд томилогдоход ямар мэргэжил, боловсролтой байх шаардлагатай юм бол…? Дэлхийн аль ч их, дээд сургуульд Ерөнхийлөгчид бэлтгэх сургалт байдаггүй. Харин Ерөнхийлөгчийн хувьд шийдвэрлэх бүхий л асуудлыг тухайн хүн мэргэжлийн нөөц, бололцоо, амьдралын ур чадвар, арга барилаа ашиглан гүйцэтгэдэг. Түүхийг эргээд харъя л даа.
АНУ-ын олонхи Ерөнхийлөгч дээд боловсролтой бөгөөд тухайн үеийнхээ шилдэг гэсэн их, дээд сургууль, коллежид мэргэжил эзэмшсэн байх юм. Харин есөн Ерөнхийлөгч дунд боловсролтой аж. Хамгийн ойрын жишээ бол АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Гарри Труман. Зарим мэргэжил Ерөнхийлөгч улстөрд орохоосоо өмнө академийн салбарт карьер хөөж байжээ. Тухайлбал, АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч Уильям Говард Тафт “Цинциннати” их сургуулийн хуулийн тэнхимийн захирал, 28 дахь Ерөнхийлөгч Вудро Вильсон Пристонскийн их сургуулийн профессор, хүндэт Ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. Харин 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфильд коллежид сонгодог хэл, математик, философ, түүх, Английн уран зохиолын хичээл заадаг байв. АНУ-ын 44 Ерөнхийлөгчөөс 25 нь хуулийн боловсрол эзэмшсэн байна. Тиймээс тус улсын Ерөнхийлөгчдийн дундах хамгийн түгээмэл мэргэжлийг хуульч гэж дүгнэж болно. Харин цэргийн мэргэжилтэй дөрөв, эмч мэргэжилтэй нэг л /АНУ-ын ес дэх Ерөнхийлөгч Уильям Гаррисон/ Ерөнхийлөгч байжээ. Америкчуудын хувьд аугаа гэгддэг Авраам Линкольн л гэхэд дээд байтугай дунд боловсрол ч эзэмшээгүй нэгэн. АНУ-ын Ерөнхийлөгчид бизнестэй хэрхэн холбогдож байсныг сонирхъё. Тус улсын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрийгөө цэрэг, улстөрийн мэргэжилгүй энгийн нэгэн фермер хэмээн үздэг байв. Тэрбээр Маун-Вернон дахь гэр бүлийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө эзэмшдэг байв. Түүний ажил хэргийн тэмдэглэлүүд арвилан хямгадахын ач холбогдлыг өгүүлсэн сургаал үгсээр дүүрэн байдаг байж. Тэр “Ямар ч ажлын сэтгэл зүрх бол систем” гэж ухуулах дуртай байжээ. Вашингтон хөдөө аж ахуйг ер бусын төдийгүй хамгийн нэр хүндтэй, сэтгэл зүрхийг тайтгаруулагч ажил хэмээн үздэг байв. Гэхдээ хөдөө аж ахуйгаас олдог орлого нь түүний зарлагыг арайхийн нөхдөг байж. Вашингтоны залгамжлагчид болох Ерөнхийлөгч Жон Адамс, Жеймс Мэдисон, Жеймс Монро нар өмгөөлөгч, хуульч мэргэжилтэй байсан агаад бүгд хувийн туршлагатай мэргэжилтнүүд.
Линкольн хуульч мэргэжилтэй. Гэхдээ бизнест огт амжилт олоогүй байна. Нэгэн нөхрийн хамт мухлаг нээсэн боловч өрөө төлөхийн тулд бусдаас мөнгө зээлэн аргацааж байв. Гэтэл мухлаг нь галд өртөж, хувь нийлүүлсэн хамтрагч нь нас барснаар бүхий л бизнес төлөвлөгөө нь нурж, баахан өртэй хоцорсон гашуун туршлага түүнд байдаг. АНУ-ын 29 дэх Ерөнхийлөгч Уоррен Гардинг 19 настайдаа мөхлийн ирмэгт тулсан нэгэн сонины газрыг ердөө 300 ам.доллараар худалдан авч хөл дээр нь босгожээ. Тэрбээр мөн л Линкольны адил эл мөнгийг бусдаас зээлсэн бөгөөд азаар сонины ажил амжилттай болж, энэ нь хэдэн жилийн туршид Гардингэд багагүй ашиг дагуулжээ. Тэрбээр Дэлхийн нэгдүгээр дайны дараа Ерөнхийлөгч болсон юм. Түүний кампанит ажлын уриа нь “Эргээд хуучин хэвэндээ орохын төлөө” гэсэн агуулгатай байжээ. Уоррен Гардинг “Яг одоо Америкт сүржин даржин уран илтгэл бус шарх анагаах сэтгэл, гайхамшигт эм тан бус хэвийн байдал, хувьсгал бус шинэчлэл, сэргээн засалт, хөөрөл, сэрэл бус харилцан зөвшилцөл, мэс ажилбар бус тайвшрал, сэтгэлийн хөөрөл бус уужуу, тэвчээртэй байдал, туршилт бус тэнцвэртэй байдал, олон улсын үйл хэрэгт толгой “гашилгах” бус гэрээ засахад шаргуу ажиллах шаардлагатай байна” хэмээж байжээ. Гардины залгамжлагч нь Калвин Кулиж /30 дахь Ерөнхийлөгч/ болсон агаад түүнээс тэс өөр зан чанартай нэгэн байсан юм. Цагаан ордонд суух хүртлээ тэрбээр хуульч, хууль тогтоогч, хотын мэр, амбан захирагч, дэд ерөнхийлөгчийн албуудыг хашиж амжжээ. Түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн үнэнч, нөлөө бүхий Ерөнхийлөгчдийн нэг хэмээн дүгнэдэг. Түүний хийсэн чухал ажлуудын нэг нь Засгийн газрын зарлагыг багасгаж, албан татварыг багасгасан явдал юм. Калвин Кулиж “Хүн бүрийн хөдөлмөрлөн олж буй орлогоос татвар болгон “хумсалж” байгаа нь Засгийн газрын төлөө ажлын цагаасаа илүүчлэн ажиллах хэрэгтэйг илэрхийлж байна. Гэтэл улсын болон мужуудын засаг захиргааны зарлага жилд долоон тэрбум гаруй ам.доллар гэх.
Энэ их тоог тооцоолоход толгой эргэм. Ажлын 300 хоногт, нэг өдрийн таван ам.долларын төлөө хөдөлмөрлөж буй таван сая ажилчныг бүрэн цалинжуулах хэмжээний мөнгө шүү дээ, энэ чинь. Хэрвээ Засгийн зарлагаа 100 сая ам.доллараар нэмэгдүүлэхийг хүсвэл эдгээр таван сая ажилчин 304 өдөр ажиллах хэрэгтэй болно гэсэн үг. Америкийн иргэд Засгийн газрын төлөө бага, өөрсдийнхөө төлөө их ажиллаасай л гэж би хүсч байна” хэмээсэн байдаг. Гарри Труман /33 дахь Ерөнхийлөгч/ Дэлхийн нэгдүгээр дайнаас буцаж ирээд даашинзны дэлгүүр нээсэн боловч амжилт ололгүй байсаар хоосорсон гэдэг. Тэрбээр дахин бизнест ойртоогүй аж. Жимми Картер /39 дэх Ерөнхийлөгч/ нэг их орлоготой бус газрын самрын үйлдвэрийг эцэг, эхээсээ өвлөн авч ажиллуулаад хэдэн саяын эргэлтийн хөрөнгө бүхий хүчирхэг компани болгож чадсан байдаг. Гэвч Ерөнхийлөгч болсныхоо дараа үйлдвэрийн газраа чадваргүй удирдлагад дамжуулснаар хоосролд хүргэсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа үйлдвэрийн их өрийг дарахын тулд ном бичиж эхэлсэн бөгөөд дахин саятан болж чадсан. Харин том Буш нефть үйлдвэрлэлийн салбарт амжилт гаргаж чадсан. Гэтэл бага Буш ‘’Texas Rangers’’ бейсболийн багийг амжилттай санхүүжүүлж 800 мянган ам.доллар “цацаж” чадсан ч хэдхэн жилийн дараа 15 сая ам.долларын өрөө төлөхийн тулд өөрийн хувьцаагаа худалдсан юм. Эдгээрээс харахад, Америкийн Ерөнхийлөгчдийн олонхи нь бизнесийн удирдлагын бодит туршлагагүй байж. Харин тэдэнд юу байв. Улстөрийн өсөн дээшлэх замнал болон сонгуулийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлэх ажлын туршлага байжээ. Франклин Рузвельт, Жон Кеннеди, Линдон Жонсон, Ричард Никсон, Жеральд Форд, Билл Клинтон нар бүгд Конгресс болон амбан захирагчийн албанаас Цагаан ордонд ирсэн. Бизнесийн удирдагч хувийн компанийнхаа дотоод эсэргүүцэлтэй сөргөлддөггүй дүрэмтэйгээс гадна доод дарга нарын хоорондох зөрчилдөөнийг өөгшүүлэх ёсгүй.
Тэр шийдвэр гаргаж, доод тушаалтнууд нь гүйцэтгэх ёстой. Ерөнхийлөгч ч ялгаагүй байнга сөрөг талынхнаас илгээдэг өдөөн хатгалга, явуулга бүхий нөхцөлд ажилладдаг. Мөн Конгрессийн зүгээс байнгын мэтгэлцээнтэй тулгарах агаад Ерөнхийлөгч энэ тохиолдолд тушаах бус алдааг тайлбарлан, ухуулах ёстой. Энэ талаар улстөр судлаач Уолтер Зелман ‘’Лос-Анжелес Таймс’’сонинд өгүүлэл бичин нийтлүүлсэн байдаг. “Чадварлаг Ерөнхийлөгч байхын тулд сэтгэлийн хөдөлгөөнөө тогтвортой барьж чаддаг, улстөрийн шийдвэр гаргах зориг, чадвартай байх, өөрийн албан тушаалаа зорилго бус зэвсэг гэж үздэг байх нь чухал” гэж ‘’Нью-Йорк Таймс’’ сонины тоймч Дэвид Брукс тодорхойлсон байна. Мөн өөрийн зүгээс /автор/ нэмж хэлэхэд хошин шогийн мэдрэмж сайтай байх хэрэгтэй болов уу. Ийм чанарыг АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган гайхалтай эзэмшсэн байсан бөгөөд олон нийтийн өмнө наргиан шуугиан, онигоогүй гарч байсан удаагүй. Рональд Рейган “Манай Холливудад нэг залуу байдаг байв. Тэр жүжигчин байсан хэдий ч түүний чин хүсэл нь дуурийн дуучин болох байжээ. Тэрбээр хангалттай хэмжээний мөнгө хуримтлуулсныхаа дараа дуурийн дуучин болох зорилгоо өвөртлөн Миланыг зорьжээ. Сургуульдаа ч суралцаж, Ла Скалад ч элсэж. Ингээд “Алиа салбадай” дуурийг дуулахаар анх удаа тайзнаа гарчээ. Энэхүү дуурийн дуунд “Алиа салбадайхан минь бүтэлгүй хайрыг шоолж инээгээрэй” гэсэн ари байдаг. Дуучин ч яг эл хэсгийг дуулж байтал гэнэт алга ташилт нижигнэж, түүнийг дахин дуулахыг хүссэн байна. Шинэхэн дуучин ч урам орон дуулсаар. Хэд хэдэн удаа дахиулжээ. Тэр үзэгчдийн зүгээс ийм их анхаарал татсандаа баярлан дахин дахин дуулсаар байж. Сүүлдээ түүний хоолой сөөж, дуулах боломжгүй болжээ. Тэрбээр өөрийг нь “биширсэн” үзэгчдээ гомдоохгүйн тулд “ Би бүр есөн удаа дууллаа. Хоолой маань ч хэцүүдлээ. Дахиж чадахгүй нь, уучлаарай” гэтэл үзэгчид дундаас хэн нэгэн “Зөв дуулж суртлаа чи ингэж дуулсаар л байх болно доо” гэжээ.

URL:

Сэтгэгдэл бичих