Монгол залуусын бүтээсэн орон зайн цэнэглэгч

Монгол залуусын бүтээсэн орон зайн цэнэглэгч

АНУ-ын Филадельфи мужид байрлах “Ametros solution” компанид ажилладаг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нарын монгол залуус дэлхийд анх удаа орон зайн цэнэглэгч бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин энэ удаад шинэ бүтээлийг нь танилцуулж байна. Цэнэглэгчийг хоёр төрлөөр хийжээ. Эхнийх суурин орчинд, дараагийнх нь хөдөлгөөнт орчинд хэрэглэх боломжтой.

ГАР УТАСНЫ ГЭР ЦЭНЭГЛЭГЧ 

Энэ төхөөрөмжийг iphone, samsung galaxy S3 гар утсанд хэрэглэх боломжтой. Мөн хамгийн нимгэн, уян хатан цэнэглэгч гэдгээрээ дэлхийд онцолж байгаа юм. “Бид та бүхэнд ширээн дээрээ цэнэглэгч, цахилгаан холбоосуудаа хөглөрүүлэхгүй байх боломж олгож байгаа юм” хэмээн зохион бүтээгчид нь бүтээлээ онцолжээ.

Энэ бол таны гар утсыг ямар нэгэн хүлээн авагчгүйгээр цэнэглэж чадах хамгийн анхны уян хатан, зөөлөн, гэр утасны гэр юм. Энэхүү цэнэглэх систем нь индуктив байдлаар цэнэглэх зарчимд суурилжээ. Технологийг цахилгаан дамжуулагч, цахилгаан хүлээн авагч гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж болно.

Зохион бүтээгчид Qi хэмээх цахилгаан ажиллуулах чипүүдийг ашиглажээ. Qi нь индуктив цахилгаан стандарт юм.

Дамжуулагч нь цахилгааны ашиглалтыг ихэсгэдэг бөгөөд энэ нь цахилгаан дамжуулалтыг тасралтгүйгээр тохируулахад дэмжлэг үзүүлдэг аж. Харин хүлээн авагч нь таван ваттын цахилгааныг хүлээн авах бөгөөд өндөр хүчин чадлаар бага цахилгааныг сарниулдаг байна.

Хэдий тийм ч бүх төрлийн хүлээн авагчгүй цэнэглэх системийн хүчин чадал цэнэглэгч утасны коэффициентуудыг холбосноор тодорхойлогддог гэнэ. Тиймээс коэффициентийг өндөр түвшинд холбосноор цахилгаан дамжуулалт болон дулаан энергийн сарнилт багасдаг аж.

Зохион бүтээгчид энэ зарчмаар коэффициентийг өсгөх тусгай материалыг ашиглажээ. Үр дүнд нь цэнэглэх системийг 70 хувь хүртэл холбож чадсан байна. Энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан гар утсаа цэнэглэхэд iPhone 5-д 2-2.5 цаг, Galaxy S3-т 2.5-3.5 цаг зарцуулах аж. Мөн энэ төхөөрөмж нь утас бүрэн цэнэглэгдэж дууссанаас хойш цэнэглэхээ зогсдог автомат ажиллагаатай тул цэнэг нурах гэсэн аюулгүй аж.

МАШИНД ТОХИРОМЖТОЙ ЦЭНЭГЛЭГЧ  

Хөдөлгөөнт орчинд цэнэглэгчийг гол төлөв машинд байршуулж хэрэглэвэл тохиромжтой хэмээн зөвлөжээ. Учир нь энэ цэнэглэгчийн эрдэм нь гар утсан дээрх мэдээллийг GPS рүү хөрвүүлэх боломжтой юм байна. Уян хатан, орон зайн цэнэ г лэгчийг танилцуулахын тулд тэд хоёр жил хөдөлмөрлөжээ. Цэнэглэгчийг мушгиж бас нугалж болох тул хэрэглэхэд таатай. Монгол залуусын бутээсэн орон зайн цэнэглэгчийн төсөл 45 хоногийн дотор 100 мянган ам.доллар босгохоор “Kickstarter” цахим хуудаст гарчээ.

Хэрвээ Монголын залуус “Kickstarter” кампанит ажилд амжилттай оролцож, бүтээгдэхүүн нь шалгарч, худалдаанд гарах болбол туршлагыг нь харж Хятадын гурван компанийн аль нэгээр цэнэглэгчээ үйлдвэрлүүлэх бодолтой байгаа аж. Эдгээр компаниуд нь ISO стандартын баталгаатай юм байна.

Х.Хатан /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих