Хуульчдын холбооны анхдугаар их хурал эхэллээ
Монгол Улсын өнцөг булан бүрээс 500 гаруй хуульчид өнөөдөр Төрийн ордонд цуглаж, мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагаа үндэслэх зорилготой Анхдугаар их хурлаа хийж байна. Эрх зүйн шинэчлэлийн цогц бодлогын хүрээнд батлагдсан зургаан хуулийн нэг болох “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу ХЗЯ-наас уг хурлыг энэ сарын зургаанаас наймны өдрүүдэд зохион байгуулж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хурлын төлөөлөгчдөд хандаж ирүүлсэн илгээлтдээ, “Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, холбоо биш. Энэ бол төрийн зарим чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авч буй нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Тодруулбал, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, харилцан хяналттай, тунгалаг байлгах тогтолцоо юм. Иймд Хуульчдын холбоо илүү их хариуцлагатай, ил тод, хүрээмжтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах ёстой. Энэхүү холбоо цаашид шинээр байгуулагдах олон зуун мэргэжлийн холбоодод зөв үлгэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Анхдугаар их хурлаас хуульчдын мэргэжлийн дүрэм батлагдсанаар өдгөө төрийн байгууллагуудад хадгалагдаж буй хуульчдын үйл ажиллагаатай холбоотой эрх мэдэл хуульчдын гарт шилжинэ. Өнгөрсөн 20 жилийн турш нутгийн өөрөө удирдах ёсны тухай ярьсан. Харин сүүлийн үед улс төрийн намууд ч, иргэний нийгмийн байгууллагууд ч мэргэжлийн өөрөө удирдахуйн тухай ихээр ярих боллоо. Энэхүү их хурлаар төрийн тодорхой чиг үүргүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх үйл явц эхэлж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол зорилго нь энэ тогтолцоог улс төрөөс хол байлгахад оршиж байгаа. Хуульчид шударга ёсны мэргэжилтнүүдийн хувьд эгнээгээ цэвэрлэж чаддаг, эрх, үүргээ аль нэгэн улс төрийн нам, эрх мэдэлтнээр тодорхойлуулах бус өөрсдөө хамгаалан, хэрэгжүүлдэг байх ёстой” хэмээн цохон тэмдэглэлээ.
Анхдугаар их хурал хурал даргалагч болон тооллогын комиссоо байгуулснаар эхэллээ. Пропoрциональ системээр явагдсан цахим сонгуулиар хамгийн олон санал авсан хуульчдын дундаас нэр дэвшүүлэлт явагдаж, 238 төлөөлөгчийн саналаар Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Батцэрэн хурлыг даргалахаар болсон бол 209 хүний санал авсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Цогт түүнд тусална. Анхдугаар их хурлын дэгээ баталсан хуульчид өнөөдөр холбооны дүрмээ хэлэлцсэн бол маргааш хуульчийн мэргэжлийн дүрэм болон холбооны ерөнхийлөгчөө сонгож, хурлын сүүлчийн өдөр холбооны татварын хэмжээгээ тогтоох юм. Их хурлаас хоёр жилийн хугацаатай Ерөнхийлөгч томилогдоно.
Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Хууль үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлийн мэдээлснээр, хуульчид их хурлын төлөөлөгчдөө сонгох цахим сонгуульд идэвхтэй оролцсон байна. Төлөөлөгчдийн 78 хувь нь нийслэлээс, 22 хувь нь хөдөө орон нутгаас сонгогдсон нь хуульчдын оршин суугаа байдалтай нийцэж буй ажээ. Одоогийн байдлаар нийт 483 төлөөлөгчийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.
montsame
URL:













