“Эрх жаал” хилэнцийн хаан айсуй

“Эрх жаал” хилэнцийн хаан айсуй

Эгэл бор амьдралаас хааны суудалд заларсан эрсийн талаар түүх ховор. Хүүхэд байхаасаа л ядуу буурай амьдралаас ухаажин, амьдралын хатуу бүхнийг туулсан Холливудын алдарт жүжигчин Дуэйн Жонсон удахгүй Монголд ирэх талаар хэвлэлээр цацсан.

Найман настай байхад нь гэр бүлийн санхүүгийн хямрал эхэлж, байгаа бүхнээ алдаж эхэлсэн Дуэйний гэр бүл өнөөдөр гачигдах зүйлгүй Лос Анжелес хотноо амьдарч байна. Хүүхэд байхын удаан хөдөлгөөнтэй, хөгжилтэй байсан Жонсон буюу зарим залуусын мэддэг нэр нь “The Rock” хад чулуу хочит тэрбээр сүүлийн 8-9 жилийн өөрийн биеийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарсан. Уг нь 2000 оны эхээр АНУ-ын бидний хэлж хэвшснээр “нохой зодоон” буюу “WWF”-ийн тулаанд оролцож, шоу ертөнцөд хөл тавьсан нэгэн.

Түүний бага нас зугаатай өнгөрснийг тэрбээр эцэгтэйгээ холбон тайлбарладаг. Түүний аав уг нь дуу муутай хүн. Гэвч Жонсон хүүгийн инээдийг хүргэх маш олон зүйл дээр хошигнож чаддаг нэгэн байв. Ээж нь хамгийн сайн зөвлөгч гэдгийг амьдралд олж авсан туршлага түүнд батлан харуулав. Ноён Дуэйн хүү шигээ өндөр залуу байж.

Тэдний гэр бүлийн тогтвор суурьшил нэг хэсэг л бусдын адил хямарсан. Зээлээ төлж чадахааргүй болж ээжийнх нь унадаг байсан машиныг хүртэл хураан авч байсан удаатай. Гэвч алдартай жүжигчин ээждээ байнга машиныг нь сайжруулан шинэчилж эрхлүүлдэг уламжлал тогтсон аж.

Харин эцэг нь гэрийнхээ хажууд сайхан багаж хэрэгслийн иж бүрдэлтэй болохыг мөрөөддөг нэгэн байжээ. Жонсон хүү ч өөрийн авьяас чадвараараа олсон мөнгөөр эцэг эхээ алган дээрээ бөмбөрүүлдэг аж.

Уг нь жүжиглэх сонирхолгүй байсан талаар өмнө нь ярьж байж. Түүнийг жүжигчин болгосон зүйл бол 1996-2004 он хүртэл “WWF”-д зодолдох үеэр түүний авьяас тодорч, кино найруулагчдын анхааралд өртөж эхэлсэн гэдэг. Гэхдээ 1999 оноос эхлэн тэрбээр багахан хэмжээний туслах дүрд тоглодог байжээ.

Түүнийг 2001 онд гарсан “Мумми эргэж ирсэн нь” киноны дүрээр үзэгчид анх хүлээн авсан. Улмаар 2002 онд “Хилэнцийн Хаан” киногоороо дэлхийд түүнийг үнэлэх үнэлэмж богино хугацаанд асар хурдан нэмэгдсэн гэдэг.

Гэр бүлийн ёс жаягтай, ахмадуудаа хүндэлдэг сайхан уламжлалтай Дуэйний гэр бүл өвөөгөөс нь эхлэлтэй. Жонсоныг гэр бүлээ орхин өөр хот руу нүүх хүртэл эцэг нь орой бүл гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байлгахын тулд оройн хоолон дээрээ их зүйлийн талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, гэр бүлийн асуудлыг ярьцгаадаг байв. Үүний дараа Жонсон эцэгтэйгээ гэрийнхээ гадаа буйдан дээр суугаад аавтайгаа ганц хоёр пиво задалж, хуурч хөөрдөг байсан аж.

Тэрбээр номонд дурлагсдын нэг юм. Тэр ч бүү хэл 2000 онд “Рок хэлж байна” гэсэн өөрийн бичсэн номоо худалдаанд гаргаж байсан удаатай. Спортынхон ихэвчлэн худалдан авалт хийж байсан гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн мэдээлж байсан юм. Жонсон залуудаа буюу их сургуульд байхдаа хөлбөмбөгийн багт багагүй амжилт олж чадах байсан талаар коллежийн дасгалжуулагч хожим дурсан ярьжээ. Гэвч тэрбээр шоу ертөнцөд арай илүү сонирхолтой байв. Энэ сонголт нь ч буруу байгаагүй гэдгийг баталсан.

Энэ оны дөрөвдүгээр сард тэрбээр хэвлийн хөндийн мэс засалд орсон юм. Жонсон жүжигчин Жон Синатай зодолдсоны улмаас гэмтэл аван зайлшгүй мэс засалд орох хэрэгтэй болсон билээ. Жон Сина бол түүнтэй хамт “нохой зодоон”-д хүч үзэж байсан тамирчин гэдгийг шүтэн бишрэгчид нь мэднэ. Түүний бие сарын дотор маш сайн илааршиж, шинэ киноны зураг авалтад бэлэн болсон удаатай.

Гэр бүлийн хувьд 1997 онд Дэни Гарсия хэмээх жүжигчин бүсгүйтэй гэрлэж, 2001 онд охинтой болж Симон Александра хэмээн нэр өгсөн билээ. Гэвч гэр бүлийн тухгүй амьдралаас болж хосууд 2007 онд гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт санал нэгдэж, энгийн найзууд болсон талаар олонд зарласан юм.

Гэрлэлтээ цуцалснаас хойш тэрбээр одоог хүртэл ганц бие амьдарсаар байгаа бөгөөд охиндоо халамж их тавьдаг талаар хэвлэлүүд онцолдог.

Жонсон кино урлагт орсноосоо хойш жүжигчин Арнольдын сайн хамтрагч нь байж чадсан. Арнольд Жонсонд хэрхэн жүжиглэх, үзэгчдийг хэрхэн байлдан дагуулах талаар зөвлөгөө өгдөг, сайн найзуудын харилцаатай болсон байв.

Магадгүй ирэх онд гарах “Terminator” киноны сүүлийн ангид тэрбээр Арнольдын хамтаар тоглож магадгүй юм байна.

Дэлхийд алдар нэр нь цуурайтаж эхлэхийн хажуугаар тэрбээр төрөлхийн өвчтэй хүүхдүүдэд хандивийн сан нээж, сайн үйлсийн аяныг эхэлсэн юм.

Жонсон эцгийнхээ хэлж захиж байсанчлан хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй, тэдэнд туслах нь амьдралын баяр баясгаланг авчирдаг гэдэгт итгэдэг гэдгээ илэрхийлж байж. Сайн эцэг, сайхан залуу, байнга л найз нөхөдтэйгээ хөгжилдөн, ямагт өөрийнхөөрөө байдаг тэрбээр богино хугацаанд дэлхийн кино урлагт өөрийн орон зайг олж чадсан ховорхон жүжигчдийн нэг.

Хамгийн сүүлд түүнд Геркулесийн дүрд тоглох санал ирүүлон талаар кино урлаг давлагаалж байж. Өдөр бүр булчингаа хөгжүүлж, аварга биетэй болсоор байгаа түүнийг удахгүй Геркулесийн гайхалтай шинэ кинонд гол дүр бүтээх талаар найруулагч Бретт Ратнер өгүүлжээ.

Ирэх онд гарах “Hercules: The Thracian Wars” нэртэй кинонд ОХУ-ын загвар өмсөгч, дэлхийн супер од хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн найз бүсгүй Ирина Шэйк тоглох аж.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих