“Ослын буулт” хийсэн “МИ-8”-ын ямар ч зургийг гаргаж болохгүй гэж үүрэгджээ

-Нислэгийн аюулгүй байдлыг хангахад иргэний нисэхийн салбар ахихгүй байгааг энэ хэрэг харуулж байна-
Төв аймгийн Мөнгөнморьт сумын чиглэлд ниссэн “А-Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригт осолдсон талаар өмнөх дугаарт мэдээлсэн.
Уг нисдэг тэрэг Улаанбаатараас 11.45 цагт хөөрч 12.45 цагт Минж голын Өндөр эрэг гэх газарт хүрэх маршруттай нисчээ.
Онгоцонд “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүд трэйд”-ийн н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” компанийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн захирал н.Батболд нараас гадна нэг хүүхэд болон экипажийн бүрэлдэхүүний гурван хүн явсныг хэвлэлүүд мэдээлсэн.
Нисдэг тэрэг 12.45 цагтаа зорьсон газраа буусан хэмээн мэдээлээд холбоо тасарсан байна. Гэвч тэд уг газраа буугаагүй, өөр тийш нисчээ. Ингэхдээ Хилийн цэргийн 151 дүгээр ангийн харьяа Минжийн Заставын ойролцоо Ширээт гэх газарт “унажээ”.
Энэ үеэр онгоц осолдоход нөлөөлсөн хүчин зүйлс бага байсныг эх сурвалж хэлж байна. Осол салхинаас болсон хэмээн албаны хүмүүс нь тайлбарлаж байгаа. Гэтэл салхи тогтуун байсан нь тодорхой болж байгаа. Онгоцонд туршлагатай ахмад нисгэгч Э, хоёрдугаар нисгэгч залуу хүн байжээ.
Албаныхан уг хэргийг ослын буулт хэмээн тайлбарлаж байгаа ч мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар ослын буулт хийсэн тохиолдолд онгоц, нисдэг тэрэг тэнцвэртэй зогссон байдгийг онцолж байна. Гэвч “МИ-8” нисдэг тэрэг бөөрөөрөө унаж, 70-80 хувийн эвдрэлтэй байсан нь осол гарсныг гэрчилнэ.
Хэргийн газрын үзлэгт нисэхийн цагдаагаас гурав, салбарын яамны хяналт шалгалтын албанаас зургаа гэх мэтээр нийт 20 хүн ажиллажээ. Үүнийг харьяа албаныхан ихээр нууцалж, ослын зургийг гаргаж болохгүй хэмээн үүрэгдсэн байна.
Хувийн компанийн онгоц хэзээ, хаана хүрэх нь чухал биш ч, нислэгийн маршрутаа зөрчсөн, ослын буулт хийхэд онгоц нь тэр чигээрээ эвдэрчихсэн энэ явдал иргэний нисэхийн салбарт том асуудал үүссэн, хяналт хариуцлагын асуудал ямар байгааг дахин харууллаа.
Түүнчлэн энэ салбарт шинэчлэл хийгдэж байна, хуучин удирдлагуудыг иддэг, уудаг хэмээн хочилж шалгаж, хорьж байсан. Гэвч муу нэртэй С.Батмөнхийн үед иргэний нисэхийн салбарт ийм осол зөрчил гарч байгаагүй, хариуцлагатай мэргэжлийн удирдлагатай байсан гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Б.Энхзаяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:












