Осол хийдэггүй, тэгсэн атлаа ослын буулт хийдэг онгоцтой болжээ

Осол хийдэггүй, тэгсэн атлаа ослын буулт хийдэг онгоцтой болжээ

Төв аймгийн Мөнгөнморьтод “МИ-8” осолдсон гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олныг сэрдхийлгэв.

Ашиглалтын хугацаа нь дууссан байсан хэмээн зарим эх сурвалж тэр даруйд нь мэдээлсэн.

Осол гарсан талаар Онцгой байдлын газар болон салбарын сайддаа тэр даруйд нь дуулгаагүй талаар ч шуугьсан. Ямар ч гэсэн энэ удаа нисэх багийн гурван гишүүн, амралтын өдрөөр загасчлахаар онгоц хөлсөлсөн долоон эрхэм бүхий “МИ-8” нисдэг тэрэг осол гаргасан ч өмнө гарч байсан, олон хүний элэг голыг харлуулсан гашуун үйл явдлууд давтагдаагүй нь аз.

Гэхдээ хэдэн хүн явсан, хэн яах гэж юуны учир онгоц хөлсөлж вэ гэдгээс илүү анхаарал татсан асуудал байна.

Тухайлбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт болсон “А-ЖЕТ авиэйшн” компанийн нисдэг тэрэгний тэрхүү осол иргэний нисэхийн салбарт байнга давтагдаж ирсэн, одоо ч гарахгүй гэх баталгаагүй нислэгийн аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулахгүй бол байдал бишидсэнийг санууллаа.

Хожим “ИНЕГ ингэх гээд байсан юм” гээд сууж байхгүйн тулд холбогдох албаныхан, хариуцсан эрхмүүд энэ тухай цаг алдалгүй ярих л учиртай.

Онгоц саатлаа, сэнс нь эвдэрлээ, дугуй нь гацлаа, ослын буулт хийлээ гэсэн мэдээллүүд удаа дараа гарч ирсэн.

Сүүлийн үед онгоц буух гэтэл нислэгийн замыг нь чөлөөлөөгүй байдаг болсон. Тодруулбал, өнгөрсөн сард Турк-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн дүүрэн зорчигчтой “Бойнг” нислэгийн зурваст бууж чадалгүй буцаж хөөрсөн зөрчил гарсан. Тус онгоц хоёрдугаар хайрцагт орж байж дахин буулт хийсэн нь бараг л ослын буулт хийсэнтэй адил юм. Энэ юунаас болов гэвэл онгоц нислэгийн зурваст буух гэтэл зам дээр нь фургон “гүйж явсан”-тай холбоотой гэж байгаа.

Тэгвэл энэ сарын 6-нд Улаанбаатар-Дорнодын чиглэлд нислэг үйлдсэн “ИЗНИС эйрвэйз” компанийн онгоц товлосон цагаасаа 3-4 удаа хойшилсон. Өглөө 11.30 цагт нисэх онгоц орой 18.30 цагт нисэхдээ баруун талынх нь сэнс галаар үлээсний улмаас 22 минутын дараа мөн л ослын буулт хийсэн. Үүний дараа Ховд-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдсэн тус компанийн онгоц мөн л өрөөсөн дугуй нь гацаж осол хийхэд хүрч зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байв. Гэтэл тэр болгоныг нуун дарагдуулдаг, яаж чимээ шуугиангүй өнгөрүүлэх вэ гэдэг талаас аргацаадаг байдал ИНЕГ-т газар авчээ.

Мөнгөнморьт суманд осолдсон “МИ-8” нисдэг тэрэгний тухайд гэхэд л “А-ЖЕТ Авиэйшн” ХХК-ийн менежер Б.Цогоо “Осол болсон зүйл огт байхгүй. Харин техникийн саатал гарч онгоц ослын буулт хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг нисдэг тэрэг унасан зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж буй.

Мөн Зам, тээврийн сайд А.Гансүх “А-Жет” компанийн 55 66 дугаартай “Ми-8” нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан. Өөрөөр хэлбэл, актлагдаагүй онгоц байсан” хэмээн хэвлэлээр цацагдсан мэдээллүүдийг залруулснаас өөрөөр хариуцлагын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй.

Нислэгийн зөвшөөрөл өгдөг, аюулгүй ажиллагаа талаас нь хяналт тавих үүрэг бүхий Иргэний нисэхийн ерөнхий газар, энэ асуудлыг хариуцсан салбар өнөөдөр яагаад ийм байдалтай болчихов.

Нөгөөтэйгүүр онгоц осол хийдэггүй, тэгсэн атлаа ослын буулт хийдэг болчихсон аятай салбарын сайд болон холбогдох албаныхан ярьж байх юм. Энд мэдээж учир байгаа, харин тэрхүү зөрчил, баримт фактуудад дүгнэлт хийж, хариуцлага тооцдог газар алга болчихсон юм биш үү.

Хамгийн гол нь энэ салбар, тэр дундаа ИНЕГ-ын томилгоо хийх эрхийг улс төрийн тохироогоор бие даагч гишүүдэд олгосон гэх яриа хүчээ авч байгаа. Үүнийг батлах мэт тэдний томилсон мэргэжлийн бус нөхөд энд тэнд зодолдож, эрүүлжүүлэхэд баригдсан зэргээс өөрийг хийхгүй болсонд хамаг учир байгаа юм. Ийм нөхцөлд иргэний нисэхийн салбарт дээрх мэтийн осол болохгүй гэх баталгаа үнэндээ алга. Бид энэ талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Ч.Зотол


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих