“МИ-8” осолдох бүрт…

14114-2tӨ.БАТХҮҮ

 

2000 он гарснаас хойш манай түүхэнд  “МИ-8”-ийн гэх дөрвөн удаагийн осол гарчээ. Эхнийх нь өдгөөгөөс яг 12 жилийн өмнөх энэ өдөр Увс аймгийн Малчин суманд болсон аймшигт осол байсан юм. Туулай жилийн төгсгөлд болсон зудын  гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байсан гадаад, дотоодын есөн хүн нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн. Дараа нь 2004 онд УИХ-ын гишүүн  Ц.Батаа үнэг хөөж нисдэг тэрэг унагасан хэргээр “МИ-8”-ийн гэх дараагийн дуулианыг “тарьж” байлаа. Энэ ослоор хүний амь эрсдээгүй ч Ц.Батаагаас гадна Шарын голын уурхайн дарга, онгоцны үйлчлэгч эмэгтэй гэмтэж эмнэлэгт хүргэгдэн, улсад их хэмжээний эдийн засгийн хохирол учирч байв.

 

Удаах осол нь Монголын ард түмэнд  бүр ч  илүү хүнд туссан юм. 2007 оны зургадугаар сарын 14-нд  Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэрэгтэй хөөрсөн онцгой  байдлын  албаны 19 албан хаагч осолдож 15 нь амь үрэгдсэн юм. Хамгийн сүүлчийнх нь  өнгөрсөн оны намар буюу аравдугаар сард Төв  аймгийн Мөнгөнморьт сумын чиглэлд ниссэн “А-Жет-Лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэгний осол байлаа.

 

Харамсалтай нь “МИ-8”-ийн гэх эдгээр дуулиант хэргүүдийн буруутан нь зөвхөн онгоцны нисгэгчид болоод үлджээ. 12 жилийн өмнө болсон  ослын тухайд дурьдахад л нисгэгч М.Бат-Эрдэнэ, Д.Галбадрах нарт тэнсэн харгалзах  ял оноож, хохирлыг МИАТ компаниас гаргуулж дараа нь дээрх  нисгэгчдээр төлүүлэхээр  болж байж. 2005 оны аравдугаар сарын 14-нд Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргажээ. Тэд “МИ-8” нисдэг тэрэгний нисгэгч М.Бат-Эрдэнэ, Д.Галбадрах нарт холбогдох хэргийг дөрвөн жил гаруй шалгасны эцэст шийдвэрээ гаргасан байдаг юм. Хохирогчид, МИАТ компани, Монгол Улсын Засгийн газрыг буруутгаж байсан ч шүүх хоёр нисгэгчийг буруутган М.Бат-Эрдэнэд тав, Д.Галбадрахад гурван жилийн хорих ял оноож, биеийн байдлыг нь харгалзан тэнсэх ял  өгсөн. Харин хохирлыг МИАТ компаниас гаргуулж, дараа нь шүүгдэгч нараар төлүүлэхээр болсон билээ. Энэ ослын үеэр гамшгийн нөхцөл байдалтай танилцаж явсан УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын  ажилтнууд, Японы болон манай улсын сэтгүүлчид, онгоцны техникийн ажилтан амь үрэгдсэн нь тухайн үедээ Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд аваачиж байсан юм. Ослоор амь үрэгдсэн хүмүүст МИАТ компани тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгосон гэдэг. Харин  энэ  хэрэгт хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Нарангэрэл гуай өнөөг хүртэл ямар нэг  хохирол барагдуулаагүй хэмээсэн юм.

 

Харин УИХ-ын  гишүүн Ц.Батаа 2004 онд үнэг хөөж яваад унагасан “МИ-8”-ийн хэрэг бараг л  онигоо болоод замхарсан. “Симба”  хэмээн олонд танигдсан Ц.Батаа “Үнэг” гэх шинэ хочтой болж, улсад олон  сая төгрөгийн хохирол учруулсан тэрээр  эцэст нь хохирогч болсон инээдэмтэй бас эмгэнэлтэй түүх бий. Энэ хэргийн шүүгдэгчээр онгоцны дарга Д.Гансүх, II нисгэгч Ш.Батжаргал, портмеханикч Ц.Чимиддорж нар тодорч байв. Харин Ц.Батаа тэргүүтэй 10 гаруй хүн хохирогч гэж тооцогдож шүүгдэгч нарт буюу нисдэг тэрэгний багийнханд Эрүүгийн хуулийн 217.2 дугаар зүйл ангиар ял төлөвлөж байсан билээ. Энэ нь төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн гэсэн утга бүхий зүйл ангиар 3-5 жил хүртэл хорих, тодорхой албан тушаал эрхлэхийг нь гурван жил хүртэл хугацаанд хасах тухай байв. Улсад олон  сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг  хожим Өршөөлийн  хуулийн  ачаар хэрэгсэхгүй болгон замхруулжээ.

 

“МИ-8” хэмээх нисдэг тэрэгтэй холбоотой ээлжит осол монгол хүн  бүрийн зүрхийг зүсч, элгийг нь  эмтэлсэн  юм.  Бороотой үед түймэр унтраах даалгавар авч Сэлэнгэ аймгийн Мандал сум руу хөөрсөн нисдэг тэрэг осолдож онцгой  байдлын 15 албан хаагч амь үрэгдэж, есөн хүн эрүүл мэндээрээ хохирсон билээ. 2007 оны зургадугаар сарын  14-нд гарсан энэ хэрэгт эзэн  хариуцагч олдохгүй бүгд л арьсаа  хамгаалсаар өнөөг хүрч буйг уншигчид  мэднэ. Энэ хэргийг мөн л  тухайн хэрэгт  хамаатай  заалт хүчингүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон түүхтэй. Тухайн үед Онцгой байдлын сайд  байсан С.Отгонбаяраас эхлээд хэд, хэдэн албан тушаалтан энэ хэрэгт  хариуцлага үүрэх тухай ярьж байсан ч таг чиг үлдсэн. Энэхүү ослоор амь үрэгдсэн комиссар Д.Батбаатар агсны гэргий Д.Оюунцэцэг 2010 оны  зургадугаар сарын 14-нд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Олон жилийн дараа “Чиний буруу” гэж хэн нэгнийг буруутгалтай нь биш. Хэн тушаал өгсөн, тэр хүн том алдсан гэж хэлмээр байна. Тушаал өгсөн тэр хүн биднийг хэлсэн, хэлээгүй шаналдаг байлгүй. Удирдах албан тушаалтан гаргаж буй шийдвэр бүртээ анхаарах ёстой. Тэр хүний цаана үр хүүхэд, гэр бүлийнхэн нь байдаг юм шүү. Хэргийн дараахан хохирогчдын ар гэрийнхний ярьснаар Сэлэнгэ аймгаас “Бороотой байна. Хүлээж авахгүй” гэж хэлсэн юм билээ. Насаараа байгаль дэлхий, гал гамшигтай ажилласан учраас миний хань явж болохгүй гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч түүний үгийг удирдах албан тушаалтан хүлээж аваагүй. Миний хань гал сөнөөгч нартаа сүүлийн удаа цахилгаан цахиж, бороо шаагиад нисэх аргагүй байсан үед “Одоо ганцхан уул үлдэж байна шүү дээ” гэж тэднийг зоригжуулж хэлсэн байдаг юм билээ. Сүйрсэн шалтгааныг нь мэргэжилтнүүд хүч муутай, актлагдсан онгоц нисгэсэн гэсэн шийдвэр гаргасан. Бид тэр тушаал өгч, шийдвэр гаргасан хүнд “Таны буруу байсан” гэж хэлэхгүй ч амьсгал хураатлаа бодож л таарна шүү дээ” хэмээсэн байдаг.

 

Өнөөх л “МИ-8”-ын осол өнгөрсөн оны намар  дахин гарав. “А-Жет-Лимитед” компанийн нисдэг тэргээр манай томоохон  бизнесмэнүүд Төв аймгийн  Мөнгөнморьт орчимд нисч яваад осолджээ. Тэгээд ослыг иргэдээс тас  нуув. ИНЕГ-ынхан ч үүнийг осол биш ослын буулт гэж тайлбарлаад ямар ч зургийг нь хэвлэлд гаргахгүй байхыг үүрэгдэж байсан юм. Харин одоо энэ хэрэгт  бас л нисгэгчид нь  эрүүгийн хэрэг үүсгээд  шалгаж байна. Энэ мэтээр манай иргэний  нисэхийнхэн болон албан тушаалтнуудын хариуцлагагүйн гайгаар хэчнээн хүний амь  эрсдэж, эдийн  засгийн ямар  их  хохирол  учирсныг жагсаан бичиж болно. Хэрэг хуучирдаггүй учир Сэлэнгэ аймгийн Мандалд осолдсон “МИ-8”-ийн хэргийг дахин сэргээн шалгахыг  хохирогчид нь хүсч буй юм билээ. Дашрамд дуулгахад “МИ-8” хэмээх хар нэртэй, бараан түүхтэй онгоцыг манайхан батлан хамгаалах салбарт болон иргэний нисэхэд ашигласаар л байгаа гэсэн. Монгол оронд хариуцлагаа үүрдэг хариуцлагатай албан тушаалтан үгүй болоод удаж байна. Өнөөх “МИ-8” осолдох бүрт албан тушаалтнууд арьсаа хамгаалах үйлсэд гаршжээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих