Гурван долларын үлгэр

527-1404185446tumur-zam1dТөмөр замтай холбоотой тархи угаалт-1

Зам тээврийн сайдын амнаас 1 тонн нурмаг ачааг (нүүрс, элс, төмрийн хүдэр, хуурай цемент гэх мэт төрлийн ачаа) вагоноос вагонд шилжүүлэн ачихад 3 америк доллар болно гэдэг тоо гарч нийтийн хүртээл боллоо. Энэ нь улстөржих сэдэв олж амжаагүй байсан нөхдүүдэд сайхан “Бэлэн хоол” болж “Нарийн цариг ашигтай” гэсэн хүмүүсийг “3-хан доллароор эх орноо худалдах нь” гэж дайрч давшилж, бах таваа хангав. Энэ асуудал нь “Эх оронч” хийгээд “Цэвэр цустай” гэж ангилагдсан хэсэг хүмүүсийг онцгойлон нийгмийн анхаарлын төвд орууллаа.

Гэхдээ төмөр зам нь техникийн ухааны нэгэн хэсэг гэдгийг огт мартаж болохгүй. Нөгөө талаас сайд хүний амнаас бодитой бөгөөд шалгагдсан  мэдээлэл гарч байх ёстой. Гэтэл өнөөдөр хариуцлагагүй, улстөржсөн, үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн шалгагдах хэмжээнд очоод буй захиалгат нэвтрүүлгийг орон даяар цацаж байгаа нь энэ хүний улстөрийн соёл болон эх орноо гэх сэтгэл үнэхээр байгаа эсэхийг харууллаа хэмээн нийгмийн нэг хэсэг дүгнэж байна.

Тэгвэл 3 доллар үлгэрийг хэрхэн зохиож болох хийгээд бодит байдал дээр ямар байдаг вэ гэдгийг тайлбарлая.

    Шилжүүлэн ачилт

Тээврийн салбарт “шилжүүлэн ачилтын коэффициент” гэдэг ойлголт байдаг. Англиар бол “transshipment factor” гэдэг. Нэг удаа ачаад, буулгах нөхцөлд энэ үзүүлэлтийг 1 гэж үздэг. Манай Өмнөговь аймгийн нөхцөлд ачаад, буулгаад, ахиад ачаад ахиад буулгана гэвэл тэр үзүүлэлт нь нэмэгдэж 2 болно.

Ер нь ийм тээвэрлэлтийн төлөвлөгөө гаргасан оюутныг л лав тээврийн сургуульд удаадаггүй, өөр мэргэжил сонгосон нь дээр хэмээн явуулчихдаг. Тэгэхээр энэ асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавьж байгаа нь зөв эсэхийг мэргэн уншигч та тунгааж буй биз ээ.

Тэр шилжүүлэн ачилтын 3 долларыг хаанаас авсан бэ гэдэг асуудлыг бодож бодож эцэст нь ганцхан таамаг л төрлөө. Энэ нь өнөөдөр Өмнөговийн “Цагаан хад” гэдэг газар автомашинаас автомашинд шилжүүлэн ачих өртөгтэй адилтган гаргасан тоо болов уу гэж бодож байна.

    Шилжүүлэн ачилтын технологи

Автомашинаас автомашинд шилжүүлэн ачихад харьцангүй хялбар. Яагаад гэвэл буулгалт болон ачилтанд орж байгаа тээврийн хэрэгсэл нь өөрөө хөдлөж зааж өгсөн газарт нь очиж чадна. Иймд энэ 3 доллар байж болох байх.

Харин нэг цуваа галт тэрэг нь 70-80 вагонтой төмөр зам дээрээ зогсож ачилт/буулгалтанд орохоос өөр арга байхгүй. Энэ нь тэр буулгасан нурмаг ачааг нэгдсэн овоолго руу зөөж хадгална гэсэн үг. Энэ нь нэмэлт зардал. Ачих технологи нь мөн адил. Төмөр зам дээр байгаа нурмаг ачааг нөгөө овоолгоноос вагонд дөхүүлээд, дараа нь ачна. Бас нэмэлт зардал.

Манай мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор бол нэг тонн нүүрсийг шилжүүлэн ачихад 8-9 доллар байна гэсэн судалгаа байна. Монгол улсын хүлээн зөвшөөрсөн “нэгдсэн нэвтрэх тариф” гэж байдаг. Үүнд 1 тонн нурмаг ачааг шилжүүлэн ачихад 10 швейцар франк буюу 12 доллар гээд заасан байгаа.

    Шилжүүлэн ачих байгууламж

Төмөр замаар 30 сая тонн нүүрс шилжүүлэн ачихад асар том инженерингийн байгууламж хэрэгтэй болно. Ямар өртөгтэй байгууламж болох вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Бидэнд байгаа цорын ганц судалгаа бол Энержи ресурсын захиалгаар БНХАУ-ын Хуа Тие компанийн хийсэн судалгаа байгаа. Энэ судалгаанд зөвхөн байгууламж нь ( төмөр зам болон сэлгээний зүтгүүр, өртөөг оруулалгүй ) 500-д сая доллар болж байна.

    Жижиг асуудлууд

Том геополитик ярьж байгаа учир тэр нүүрсний хүйтэнд барьцалдах, вагоны хананд наалдах зэрэг жижиг асуудлуудыг орхиё. Ганцхан зүйлийг сануулахад Улаанбаатар хотын IV цахилгаан станцад өвлийн улиралд ирж байгаа нүүрсийг тусгай бункерт оруулж байгаад нүүрсээ вагонтой нь халааж байгаад буулгадаг гэдгийг бас бодолцоорой.

Энэ бүгдийг тайлбарлахын зэрэгцээ Улсын нууцтай байнга ажилладаг сайд асан Х.Баттулга танаас ганц нууц биш зүйлийг асууя. Тэр 3 доллар гэдгийг хэн, хаанаас гаргаж ирсэн тоо вэ? Бидэнд тайлбарлаж өгөөч. Уг нь бид насаараа төмөр замд ажилласан хүмүүс шүү дээ. Бидний олон жилийн турш хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн бүхнийг үгүйсгэж болохгүй гэдгийг хэлье.

Техникийн ухааны доктор Монголын Төмөр замын Инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо


URL:

Сэтгэгдэл бичих