ЭМЧ ХҮНИЙ ГАРТ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ БАЙДАГ БОЛ ШҮҮГЧ ХҮНИЙ ГАРТ ИРГЭН ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА АТГАГДДАГ

шүүхЗөвхөн үнэний төлөө гээд тангараг өргөдөг хүмүүс бол шүүгчид. Төрийн хуулийг гартаа барьж түмний хувь заяаг шийддэг хүмүүс бол ганцхан тэд. Алдаа гаргах нь битгий хэл нэг хүний эрх ашгийн төлөө үйлчлэх нь байж боломгүй явдал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд “Шүүгчийн ёс зүй, хэм хэмжээ нь хэрээс хэтэрлээ. Илтэд нэг талд үйлчлэх болов. Хуулиа мэдэхгүй, эсвэл мэдсэн ч албаар дүрэм зөрчсөн тушаал шийдвэрийг гаргах боллоо” гэх шүүмжлэл тасрахаа больсон. Энд ганцхан жишээг дурдая.

2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч Л.Оюуны шийдвэрлэсэн хэрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хороонд аваачих хэмжээний “но”-той шийдэгдсэн юм. Чухам ямар хэрэг байв

Иргэн Ч.Пүрэвзана нь “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваатай бартерийн гэрээ байгуулан нэг талаас газар, нөгөө талаас орон сууц солилцохоор тохиролцжээ. Гэрээ ёсоор болж өөр өөрийн хүссэн зүйлээ авсан боловч нэг жилийн дараа “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа гэрээгээ зөрчин Ч.Пүрэвзаныг орон сууцныхаа мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар Хан-Уул дүүргийн шүүхэд өгчээ. Хэргийг дүүргийн шүүхийн шүүгч Л.Оюун хянаж байсан ч маргаантай байгаа асуудлыг “Эвлэрлийн гэрээ” хийсэн хэмээн хэргийг хаасан байна. Харин орон сууц эзэмшигчийн талаас нэг ч удаа эвлэрлийн гэрээ хийх нь битгий хэл шүүх хуралд дуудах мэдэгдэх хуудсаа ч авч байгаагүй аж Тэгсэн хэр нь шүүх хуралдаанд түүнийг 183 мянга 150 ам.долларыг “Эко констракшн”-д өг гэсэн шийдвэр гаргачихжээ. Энэхүү шийдвэрийг гаргах нотолгоо болгон орон сууц эзэмшигчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нэг талын баримтыг үндэслэсэн байдаг. Мөн түүгээр зогсохгүй орон сууц эзэмшигчийг биеийн байдал нь муу эмнэлгээр эмчлүүлж байгаа гэсэн худал шалтгаан гарган хэрэг хянан шийдвэрлэх захирамжийг гаргажээ.

Энэ бүгдийн талаар шүүх байгууллага иргэн Ч.Пүрэвзанад огт мэдэгдээгүй бөгөөд 2014 оны зургадугаар сарын 24-ний өдөр л хавтаст хэрэгтэйгээ танилцсан байна.

Л.Оюун шүүгчийн гаргасан дараагийн алдаа нь “Эко констракшн”-ы өгсөн хуурамч эвлэрлийн гэрээний дагуу 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тохиролцсон мөнгнийг хоер хуваан, эхнийхийг тухайн оныхоо арваннэгдүгээр сард багтаан төл гэсэн шийдвэр гаргажээ. Үүнтэйгээ зэрэгцүүлээд Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж нь гараагүй байхад 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөө гүйцэтгэх хуудсыг давхар олгожээ. Харин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг нь яг нэг сарын дараа гаргасан нь одоо ч хавтаст хэрэгт тэмдэглээтэй бий.

Тэгэхээр өнөөх үнэн шударга, баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэнэ гээд байдаг шүүхийн зарчим хаачив. Шүүх хурал болох товыг хариуцагч талд мэдээвдээгүй хэрнээ нэхэмжлэгч талыг дуудуулан ирүүлж, огт мэдээлэлгүй байсан хүний биеийг “өвтгөн” шүүх хурлыгхянан шийдвэрлэхээс татгалзсан болгож байна. Хамгийн голь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг хуурамч эсэхийг нь нягталсан уу, эсвэл мэдсэн ч хуйвалдан эвлэрлийн гэрээг хууль бусаар гарган иргэнийг хохироосон уу. Энэ үйлдэл нь өнөөдөр түүнийг сахилгын хороонд дуудагдах хэмжээнд хүргэсэн гэж болно. Хэрэв энэ мэтчилэн шүүгчид хэн нэгэн мөнгөтэй, албан тушаалтай эрхмийн талд эрх ашгийн сонирхолоор ажиллах юм бол ард түмэн бид хэнд итгэж, хэрхэн амьдрах болж байна вэ.

Алдаа гаргасан л бол хариуцлагаа хүлээх ёстой. Буруу гаргасан шийдвэрийнх нь гайгаар хэчнээн аав, ээжийн хүүхдүүд хувь заяагаараа хохирч, хэчнээн гэр бүл эд хөрөнгөө алдсан бол. Эмч нарын гарт хүний амь байдаг шиг, шүүгч хүний гарч бидний хувь заяа атгагддаг юм. Тэрхүү хувь заяагаар тоглосон шүүгчид ямар хариунлага ноогддогийг хүлээх л үлдлээ.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих