Түүний гуйлт ердөө л хүүгээ цэцэрлэгт оруулах

60b8f190e83ced39big-“Түр хамгаалах байр”-наас хийсэн сурвалжлага-

Заримдаа журмаа зөрчих нь тэдний хүнлэг сэтгэл

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээ төрийн бус байгууллагуудад даатгаад 20-иод жилийн нүүр үзсэн манай улс энэ оны дөрөвдүгээр сараас Хууль зүйн яамны санхүүжилтээр “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-ийг засаж тохижуулан төрийн өмчийн улсдаа ганц “Түр хамгаалах байр”-тай болсон. 2-4 хүний найман өрөө, хүүхдийн өрөөнүүдтэй тус хамгаалах байр жижүүрийн цагдаа, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тогооч зэрэг 20-иод ажилтан ажиллагсадтай. Тус төв аравдугаар сарын аравны өдрийн байдлаар 152 гэр бүлийн 261-н иргэнийг 1-33 хоногоор байрлуулан хамгаалжээ. Нийслэлийн цагдаагийн харьяа гэгддэг ч орон нутгаас хандсан иргэдэд мөн адил утсаар зөвлөгөө өгөх болон хамгаалах байраараа үйлчилдэг юм байна.

Эр муу ч эмийн дээр гэгчээр архины шилэнд дийлдэн чадахгүй, мэдэхгүй, бүтэхгүй, байхгүйгээр шалтагласан сул дорой байдлаа орон гэртээ, охид бүсгүйчүүдэд, нялх үрсдээ эр бяр болгон гаргадаг нь энэ нийгмийн үзэн ядмаар гажуудал. Эрийн гарын шүүс болоод эргээд очих аав ээжгүй тэд бүлтгэнэсэн үрсээ хөтөлсөөр “Түр хамгаалах байр”-нд ирдэг.

Дайны үеийн “хоргодох байр”-ны тухай киноноос үзэж, ном зохиолоос уншиж байсан ч, хүний эрх чөлөөг эн тэргүүнд дээдэлдэг ардчилсан нийгэмд дайсан гэж үгүй атал хамгийн хайртай хүмүүсийн нэгдэл болох учиртай гэр бүлийнхнээсээ хамгаалагдан тусгай газар “бүгэх” ч гэж. Гэр бүлийн хүчирхийлэл нууц явагддаг, өргөн хүрээтэй, хуулиар яг таг нарийн зохицуулчихаж болдоггүй болохоор иргэнээ ингэж хамгаалахаас өөрөөр ч яах билээ. Тиймдээ ч хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч н.Аюурзана, “Цаашдаа орон нутгуудад ч хамгаалах байр барьж байгуулах талаар яригдаж байгаа юм байна лээ. Хамгаалах байранд ирсэн иргэд хүчирхийлэлд өртөхдөө гэмтэл бэртэл авсан бол бид ГССҮТ, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлдэг. Мөн дүүргүүдийн цагдаагийн газартай хамтран хүчирхийлэгчийг шалган байцааж, үүссэн хэрэг нь сараас дээш хугацааг шаардан шийдэгдэхээр бол хохирогчийг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д шилжүүлэн байрлуулдаг. Харин хохирогч өөрийн хүсэлтээр, ар гэрийнхэнтэйгээ ойлголцоод гэртээ харих хүсэлт гаргавал хороо, цагдаагийн хамтарсан багийн хяналтад гэрт нь гаргадаг” гэлээ.

Хүчирхийлэлд өртөгчийг гурав хүртэл хоног байрлуулан хамгаалах зориулалттай байгуулагдсан тус байранд ирсэн хохирогчид очих газаргүй шалтгаанаар 33 хүртэл хоног байрласан тохиолдол олон. Журам нь ийм гээд хохирогчийг албадан гаргачихалгүй, хамгийн боломжит нөхцөл үүстэл хүлээх нь Түр хамгаалахынханы хүн чанарын илрэл.



Түүний гуйлт ердөө л хүүгээ цэцэрлэгт оруулах

Тэдний нэг Энхээ /нэрийг нь өөрчлөв/ 21 настай, хоёр ой зургаан сартай хүүгийнхээ хамт “Түр хамгаалах байр”-нд 30 хонож байгаа. Энхээг хоёр сартайд нь аав ээж нь салцгаажээ. Ингэхдээ том ах, эгч хоёрыг нь ээж нь, хоёр бага охиноо аав нь аваад үлдсэн аж. Энхээ эгчтэйгээ Өвөрхангайн ЕБС-д бүрэн дунд боловсрол эзэмшээд, аймгийн ТМС-д гуталчин мэргэжлээр суралцсан гэнэ. Энэ үед аав нь хүнд өвчнөөр бурхан болж, хоёр охин эмээгээ барааджээ. Гэвч ТМС-ийн хоёр дахь жилдээ хэвлийдээ үрээ тээж, хичээлээс жилийн чөлөө авснаар эргэн суралцаж чадалгүй өдийг хүрсэн байна. Түүний үерхэж байсан сургуулийн хөвгүүн нь Энхээг жирэмсэн болсныг ч мэдээгүй байхдаа автын ослоор нас баржээ. Аав нь амьддаа ээжийгээ дагаж явсан ганц ахтай нь хааяа утсаар ярьж, танилцуулан холбосон болохоор зүс үл таних ч эцэг, эх нэгтэй ахаа бараадан Улаанбаатарт иржээ. Эхэндээ энгийн ах дүүсийн харилцаатай, ахынхаа гэрт амьдардаг байсан ч ах нь ажлаасаа халаглаж, мөнгө төгрөг гачигдахын хэрээх зан авир нь эвдэрч үе үе дүүдээ бухимдлаа гарган загнаж зандран хааяа гар хүрдэг болжээ.

-    Ах чинь ямар шалтгаанаар чамайг зоддог юм бэ?

-    Би хүүгийнхээ 20 мянган төгрөгнөөс өөр орлогогүй болохоор идэж уух, өмсөж зүүх, нүүрс түлээ бүгдийг л ах зохицуулдаг. Ганцаараа ажиллаж олсон мөнгөө олон хэсэг хуваагаад, тэр нь хүрэлцэхгүй болохоор л уурлаж бухимддаг байх л даа.

-    Ах чинь согтуудаа зоддог уу? Иймэрхүү байдал олон давтагдсан уу?

-   Ах ерөөсөө архи уудаггүй. Яг гэрт нь ирснээс хойш зөндөө зодсон. Би тус дэм болдоггүй болохоор, амьдралд нухлагдаад л уурлаж бухимдах нь аргагүй гэж боддог байсан. Гэхдээ сүүлийн нэг жил найз охиноо гэртээ дагуулж ирснээс хойш зан нь эрс өөрчлөгдсөн. Байнга л харааж зүхнэ. Юу ч ойлгохгүй нялх хүүг минь ч элдвээр хэлж загнаж, цохиод авдаг. Сүүлдээ найз охин нь хүртэл намайг зоддог болсон.

-    Ганц чи ч биш, нялх үр нь хүртэл зодуулж, үнэхээр айдас дарамтад амьдарч байж дээ?

-    Хүү минь ерөөсөө инээж, уйлдаг ч үгүй болчихсон. Сүүлдээ бүр гэдрэгээ татаад унчихдаг болсон. Энэ үед би “ерөөсөө хүү минь өвчтэй болох юм байна, эндээс явъя” гэж шийдээд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хандаж, тэнд нэг хэсэг байсан. Байнга байгаад байж болохгүй болохоор эргээд ахындаа очсон ч байдал хэвээрээ бид хоёрыг өнөө л дарамт угтсан.

-    Хэзээ энд ирсэн бэ?

-     Ахынд эргэж очоод удаагүй, нэг орой хүүгээ тэвэрч зугатаж гараад “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” рүү залгасан чинь “Засвартай байгаа, 107 дугаар луу залгаж тусламж аваарай” гээд эндхийг зааж өгсөн. 107 руу залгаад энд ирэхэд хүү бид хоёрыг үнэхээр сайхан хүлээж авсан. Энэ хүмүүс ажлаа хийж байна гэдэг утгаар биш, дүүдээ, охиндоо туслаж байгаа юм шиг туслаж, ойлгодог. Ээжээсээ үзээгүй хайр халамжийг эндээс мэдэрч байна. Хүү минь эхэндээ над руу шигдээд байдаг байсан, одоо энэ хүмүүстэй инээж тоглоод их хөөрхөн болж байгаа, татаж унахаа ч больсон.  Энэ байдлыг нь л дахиад алдчихгүй юмсан гэж санаа зовж байна. Гурав хоног л байрлах ёстой энэ байранд хүү бид хоёр ирээд сар боллоо. Эргээд очих газар байхгүйг маань энэ хүмүүс мэддэг болохоор намайг гар гэдэггүй. Гэхдээ ингээд байгаад байж болохгүй шүү дээ. Надтай хамт өссөн эгч маань Хэнтийд хүнтэй суугаад, хоёр хүүхэдтэй болсон. Одоо хотод ирчихсэн байгаа, надтай уулзаад явсан. Би эгч дээрээ гарах санаатай байгаа. Энэ хүмүүст ч тэгж хэлж гарч байгаа. Гэхдээ хүргэн ах бас тийм ч сайн хүн биш болохоор би тэднийг дагаж Хэнтий явахгүй ээ.

-    Тэгэхээр эгч дээрээ гарлаа гэж эндээс  гарчихаад хаана очих гэж байгаа юм бэ?

-    Ёстой мэдэх юм алга. Гэхдээ л өөрийгөө бодоод эгчийгээ бас хэцүү байдалд оруулмааргүй байна. Хүүхдийн төлөө газар, хүүхдийн эрхийг хамгаалах төв гээд байгууллагууд байдаг гэсэн. Эндээс гараад тийм газруудтай уулзана гэж бодож байна. Хүүгээ л цэцэрлэгт оруулчихвал эсвэл харах хүнтэй бол би ажил хийгээд хоёр биенийхээ амьдралыг залгуулаад явж чадна. Даанч хар хүйтэнд хүүгээ хаана  орхиод ажил хийхээ мэдэхгүй байна.

-    Сайн нь муугаасаа олон гэдэг дээ. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон бий. Чамд туслах, хүүг нь цэцэрлэгт оруулаад өгөх хүн олдоно байх аа.

-    Надад үнэхээр ганцхан л хүсэл байна. Би бусдаас гэр орон, мөнгө төгрөгөөр туслаач гэж гуйхгүй. Хүүг минь л аюулгүй, дулаахан, хоолтой газар, цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуймаар байна. Би тэгвэл ажил хийгээд амьдралаа аваад явж чадна. /Ярилцах туршид тэрээр уйлсаар, тэгснээ хүүгээ ярихаараа инээмсэглээд, бөөн эрч хүч дүүрээд л ирэх юм. Эх хүний  сэтгэл гэдэг энэ байх даа/

Залуу хүний сэтгэлд юм бүхэн багтдаг, юм бүхнийг даваад гарах хүч чадал ч байдаг гэдэгт би итгэдэг. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандана гэсэн Энхээгийн сэтгэлийн гуйлт нь дэндүү өчүүхэн, ердөө л хүүхдээ цэцэрлэгт оруулах. Цэцэрлэгийн бусад цагаар гэр оронгүй тэр хүүгээ аваад хаачих юм бас бүү мэд. Ямартай ч үрээ энэрсэн эхийн хүсэл, нялх үрийн буян заяа түшиж, таны сайхан сэтгэлд хүрээсэй.

Ц.Анхзул

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих