Гэрээг өөрчлөх сэтгэл зүйн бэлтгэл хөрөнгө оруулагчдад алга

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа 2010 оныхоос даруй 30-40 хувиар уначихаад буй хүндхэн үед Хөрөнгө оруулалтын гэрээг энэ удаад зөвхөн нэг талын сонирхлын үүднээс хөндөхөөр ярьж байгаад “Оюутолгой” ХХК-ны удирдлагууд үнэнийг хэлэхэд дургүй байна- “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа 2010 оныхоос даруй 30-40 хувиар уначихаад буй хүндхэн үед УИХ-ын нэр бүхий гишүүд тэдгээр хөрөнгө оруулагчдыг дахин шаналгах төлөвлөгөө боловсрууллаа. Үүнийг нь Засгийн газар хүлээн авч, хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээгээ эргэн сөхье гэсэн шийдвэрт хүрэв. Тус ордыг эзэмшиж буй “Оюутолгой” ХК-ийн 34 хувь нь Монголын талынх байхаар гэрээлсэн бөгөөд харин одоо барьцыг лавшруулж, уг хувь хэмжээг 50 хувьд хүргэнэ гэсэн заалтыг гэрээнд тусгахаар шийдлээ гэсэн үг.

Хоёр талын эрх ашгийг тэнцвэржүүлсэн эрх зүйн баримт болох Хөрөнгө оруулалтын гэрээг энэ удаад зөвхөн нэг талын сонирхлын үүднээс хөндөхөөр ярьж байгаад “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд үнэнийг хэлэхэд дургүй байна.
Дэлхийн эдийн засагт хямрал эхэллээ гэсэн дохио зангаанууд хий хоосон айдас даллаагүй гэдгийг баталж, АНУ хямралыг сөрсөн алхмууд хэрэгжүүлээд эхэлсэн төдийгүй үнэт цаасны үнэ ханш доошоо харваж буй энэ үед Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчид сэтгэл өөдрөг байгаа гэвэл мэдээж худлаа.

“Рио Тинто”-гийн хувьцааны үнэ Нью-Йоркийн бирж  дээр 51.29 ам доллараар зарагдаж, 6.25-аар буурсан байна. Сүүлийн 52 долоо хоногт дээд тал нь 76.63 ам доллар хүрч байсан хувьцаа 51 ам.долларт болтлоо буурсан гэсэн үг. “Айвенхоу Майнз”-ын хувьцаа 16.84 ам.доллараар зарагдаж байна. Мөн 52 долоо хоногийн турш дээд ханш нь 30.03 ам.доллар хүрч байсан бол хамгийн бага нь 16.76 ам.доллар хүрч байв. Одоо ч үүнээсээ нэг их дээрдээгүй л байгаа хэрэг.

Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй ийм хямралтай үед Монголын Засгийн газар тэдний эрх ашгийг хөндөхөд хүрээд байгаа нь “50 хувийн төлөөх хэлэлцээр тэгээд амжилттай болох уу” гэсэн ээдрээтэй асуултыг араасаа дагуулж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээг дахин өөрчилж болзошгүй гэсэн мэдээлэл хэдийнэ авсан Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн удирдлага Монголын тал тус ордын ашиглалтын явцад хэдий хэмжээний шууд болон шууд бус ашиг хүртэхийг Лондонд ч, Улаанбаатарт ч мэдээлж амжлаа. Үр дүнд нь УИХ, Засгийн газар гэрээг дахин хөндөх сонирхлоо номхотгох болов уу гэж тэд тооцоолсон байх. Гэвч одоохондоо үгүй. Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулах үед ч дэлхийг эдийн засгийн хямрал дайраад байсан. Ийм хүнд нөхцөлд тийм айхавтар нөхцөлөөр гэрээ байгуулах боломжгүй гэсэн байр суурь дээрээ бат зогссон хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газар 50 хувийг эзэмшинэ гэсэн хүслийг цаламдаж, 34 хувь дээр тогтоож чадсан юм. Гэхдээ Оюутолгойн ордыг ашиглахад шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг гаргаж чадах үедээ Монголын тал эзэмших хувиа 50 хувьд хүргэх боломжтой гэсэн утга бүхий заалтыг гэрээнд тусгасан. Гэвч өнөөдрийг хүртэл Монголын тал хөрөнгө оруулалтад хуруу нэмэрлээгүй ч хувиа өсгөхөөр шийдсэн нь шударга бус гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа бололтой. Үүнийгээ битүүхэн бөгөөд боловсноор илэрхийлж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон тогтвортой байдлыг хангах Монгол Улсын амлалтад итгэсний үндсэн дээр “Рио Тинто” хөрөнгө оруулснаа сануулж байна.

“Монгол дахь уул уурхайн хамгийн том төслийг санхүүжүүлэхдээ итгэлтэй байхын тулд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Үүний үр дүн нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой болж, дэлхийн төвшний төслүүдийг, тухайлбал, Тавантолгойн IPO гаргах, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ажлын байр ч нэмэглэх боломжтой болж байна” гэж Оюутолгой ХХК-ийн захирал Камерон МакРей илтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тавантолгойн ирээдүйгээр “барьцаалж” байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хатуухан нөхцөлөө хүчлэн тулгавал Монголын Засгийн газар хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлдэггүй гэсэн нэр хоч зүүж, улмаар Тавантолгойн хувьцааны үнэ олон улсын бирж дээр тун багаар тогтоно гэж тэд үзэж байна.

Яг энэ үед Тавантолгойн ордын баруун Цанхийн 40 хувийг Хятадын “Шиньхуа” групп, 24 хувийг АНУ-ын “Пибоди Энержи”, 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциумд хамтран эзэмшүүлэх шийдвэр баталгаажаагүй байгаа нь дарин дээр давс нэмж буйг ч хэлэх үү. Ер нь л хүндхэн үед УИХ-ын даалгавраар Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчдыг төнхөхөөр Засгийн газар зориглолоо. Үйлийг нь Д.Зоригт нарын хэдэн сайд үүрнэ, үр дүнг нь харин…?

З.Боргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих