“Хөлжсөн” эрх баригчид тойрогт хөрөнгөө цацахуу???

1461535047571d4147932a7Өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж нэгэн сонирхол татахуйц, дуулиант шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар буюу листээр сонгогдох нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзжээ. Нэлээдгүй маргаан, мэтгэлцээн дагуулсны эцэст ийнхүү шийдэгдлээ.

Цэцэд Ц.Намсрай, Д.Банзрагч нар Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

Одоо харин уг асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхэээ шийднэ. Үүнээс урьтаж өнөөдөртөө УИХ дахь намын бүлгүүд хуралдаж дээрх асуудлаар байр сууриа нэгтгэх учиртай. Өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуулиар бол УИХ-ын энэ удаагийн сонгуульд нийт 28 гишүүн жагсаалтаар буюу листээр сонгогдох байв. Одоо харин УИХ хүлээж авах уу, үгүй бол Үндсэн Хуулийн Цэцийн их суудал дээрх маргааныг хэлэлцэх үү гэх зэрэг олон асуудал урган гарч байна. Ямартаа ч нэг талаасаа зөв шийдвэр гаргалаа. УИХ-д иргэдийн сонгохыг хүсээгүй зарим хүмүүс намын жагсаалтаар сонгогдох явдал үгүй болох юм. Герман, Польш, Македон зэрэг европын улсуудад манайхтай адилхан Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүнийг ард түмэн шууд сонгоно гэж заасан байдаг. Гэхдээ пропорцианаль, мажоритарын холимог тогтолцоогоор сонгуулиа явуулдаг. Мөн Үндсэн хуулиндаа шууд сонгоно гэж заасан ч 100 хувь пропорцианаль сонгуулийн тогтолцоотой орнууд ч бий.

Гэвч “галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгчийн үлгэрээр гадны орныг дуурайж бүх хууль зөрчинө гэж байхгүй л дээ. Тэр тусмааа Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн, хөрсөн дээрээ буусан хуулийг цаг ямагт хэрэглэх нь зүйтэй.

Харин яагаад цаг нь тулсан энэ үед Үндсэн Хуулийн цэц ийм шийдвэр гаргав. УИХ-ын сонгууль болоход ердөө хоёр хүрэхгүй сарын хугацаа л үлдсэн. Үнэхээр хууль зөрчсөн юм бол яагаад өнгөрсөн арванхоёр сард энэ асуудлыг хөндөж тавьсангүй вэ гэдэг сонин. Ер нь зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар ийм өөрчлөлтийг хийхийн тулд сонгуулийн тухай хуулиа дахин “оролдож” болохоор баталсан гэх. Ямар ч байлаа гэсэн томсгосон тойрогт хүч үзэх шийдвэр хэрэв гарвал нэлээдгүй их хэмжээний мөнгө эргэлдэх нь тодорхой. Эрх баригчид угийн мөнгөтэй хүмүүсээс багаа бүрдүүлсэн. Дээрээс нь нэмээд өнгөрсөн дөрвөн жилд бондын мөнгө, тендерийн мөнгө гэх татвар төлөгчдийн мөнгийг бараг бүгдийг нь халаасалсан. Одоо болтол олон бондуудын хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа шүү дээ. Тиймээс ирэх сонгуульд хамгийн “баян” оролцох нь эрх баригч хүчин. Тийм ч учраас тэд жагсаалт гэгчийг үгүй хийхийг хүсч, мөнгөний сонгууль явуулахаар зэхсэн биз. Нэг нэр дэвшигч нэг тойрогт дунджаар 1 тэрбумаас илүү зардал гаргадаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Мөн өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын нэр хүнд асар ихээр унасан. Намын жагсаалт гэдэг бол иргэдийн намд өгсөн хувь хэмжээг үндэслэн тухайн намаас хэдэн хүн УИХ-д суухыг тогтоодог журамтай. Тиймээс эрх баригчдын төлөө санал өгөх нь илт багасах учир ийнхүү сонгууль болохоос хоёрхон сарын өмнө дээрх асуудлыг босгож ирэв бололтой.

Ямартаа ч намын жагсаалт байхгүй болох нь жирийн сонгогчдод сайн, муу хоёр талтай. Сайн тал нь хэнийг дэмжих, дэмжихгүйгээ өөрөө бие дааж шийдвэрлэх. Муу тал нь маш их мөнгөний урсгалд эргэлдэж аль болох мөнгөтэй хүн сонгогдох боломж юм. Гэхдээ бүх зүйл шийдэлд хараахан хүрээгүй байна. Өнөөдөр болох намын бүлгүүдийн шийдвэр болон УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс ихээхэн зүйл хамаарна. Үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаах л үлдлээ.

Г.Ган  *ZALUU.COM*


URL:

Сэтгэгдэл бичих