АН-ын үед ардчиллал эзгүйрч, олон намын тогтолцоо замхарлаа

12-25-2_700x700Эрх баригчдын бодлого одоогийн байдлаар төлөвлөгөөнийх нь дагуу өрнөж байх шиг байна. Харин иргэд тэдний хүссэн нөхцөл байдлыг үүсгэх үү гэдэг эргэлзээтэй.

АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд “бужигнуулагч” ХҮН тэргүүтэй хэдэн жижиг намуудтай гэрээ байгуулж ирэх сонгуульд дэмжүүлэхээ мэдэгдлээ. Дэмжүүлэх ч гэж дээ хэн хэн нь л арга ядаж яваагийн илрэл байх л даа. Энэ удаагийн сонгуулийн хуулийг бие даагчид болон жижиг намуудад халтай хэмээн өнгөрсөн оны сүүлээс хойш шуугиж байгаа. Энэ долоо хоног УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болох Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцэж дуусгах учиртай. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг чуулганаар хэлэлцэх ёстой байсан. Гэвч МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс завсарлага авсан юм.

Хэрвээ уг хуулийн заалтыг хууль зөрчсөн гэж УИХ шийдвэрлэвэл бие даагчид болон олон жижиг намуудад улам л хүнд болох байх. Тийм ч учраас намууд аль нэг тийшээ “шургалах”, ямар нэгэн том намын “өвөрт” орох зайлшгүй шаардлага тулгараад байгаа  биз. Гэхдээ тэдний сонголт нь АН гэж бодохоор нэг л итгэж өгөхгүй байна. Эрх баригчид төдийгөөс өдий хүртэл хамаг зүйлийг дангаараа хийж улс орныг бүхэлд нь өрөнд оруулчихаад өнөөдөр сонгуулиар бусдын “арьсыг нөмрөх” гэж буй нь энэ бололтой. Ер нь намуудын энэхүү шийдвэр хэр зөв бэ. Сонгуулийн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд жижиг мажоритари уу, том мажоритари уу гэдэг асуудал болж хувирна. Аль нь ч байсан энэ удаагийн сонгуульд намын нэр хүнд ихтэй нь биш нэр дэвшигчдийн рейтинг ихтэй нь ялах магадлалтай. Гэвч тэд явж, явж улс орныг эдийн засагтай юутай хуйтай нь самарч хаясан намыг дагаж намирах нь эргэлзээтэй л шийдвэр байв. Ингэснээрээ тэд өөрсдийгөө л үгүй хийж байгаа гэдгээ мэдэхгүй яваа байх. МАХН-тай эвсэн засаг барьж байгаа АН-ын нүүдэл ээлжит сонгуулийн өмнө жижиг намуудыг өөртөө элсүүлж, хамтрах, эсвэх маягаар хүний олноор сонгуульд ялалт байгуулах бололтой. Гэвч эвсэж хамтрах хуулийн хугацаа дууссан учир дэмжиж оролцоно гэх гайхалтай гаргалгааг гаргуулж байгаа нь энэ ажээ.

Одоо харин нөгөө талд дээгүүрээ тохирч чадаагүй ч МАН, МАХН-ын гишүүд доогуураа эвсэж, нэгдэх байх гэх яриа ч гарах болов. Ер нь энэ долоо хоногт хэлэлцэгдэх сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаас бүх зүйл хамаарна. Харин АН-ын руу гүйгчид нэгэнт боломж үлдээгүйгээ ойлгосон ч хамаг хямралын эзэд рүү гүйж очсон нь алдаа л болох байх. Энэ бүгд нь тэдний үнэ цэнийг үгүй хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй л байлаа даа. АН-ынхан харин өөрсдөө намынхаа дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй яваа учраас нэлээд асуудалтай байгаа. Үүнээс шалтгаалж ҮЗХ-ны хурлаа ч хийж чадахгүй байна. Ийм байхад М.Энхсайхан тэргүүтэй нөхдүүд “шуудайнд хийсэн үхрийн эврийг” улам л олон болгон уу гэхээс эв зүйнд нь оруулна гэж байхгүй.

Эвсэж биш, дэмжиж сонгуульд оролцдог нам гэдгийг үнэндээ ойлгохгүй юм. Энэ бол намууд төдийгүй ардчилал, олон намын тогтолцоо завхарч байгаагийн илрэл л юм байх. Дээр хэлсэн шиг ИЗНН, МҮАН, ХҮН, ЭОН тэргүүтэй намууд төдийгөөс өдий хүртэл бий болгож ирсэн бүхнээ үгүйсгэж байна. Гэхдээ яах вэ, өөрөө унасан хүүхэд ямар уйлах биш дээ.

Ч.Ган /ZALUU.COM/

 


URL:

Сэтгэгдэл бичих