Хадгалсан мөнгө ба хамгаалах амь

Хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг салбарын яам гаргадаг ч, хөрөнгийг нь зарцуулах эрх НДҮЗ-д байдаг нь үйлдвэрийн осол нэмэгдэх гол шалтгаан.
Хөрөнгө оруулагчид шинэ “эх газар” нээн, “Minegolia” хэмээн нэрлэсэн нь 2010-аад оны тэртээ. Эрдсийн үүц нээсэн хөрөнгө оруулагчид ч эргэлт буцалтгүй энэ газар руу цөмрөн орж, мөнгө цутгасан. Ингэж Монголын эдийн засаг хос оронтой тоогоор өсөж, уул уурхай, дэд бүтэц сэргэсэн. Гэвч сэргэлт удаагүй. Уналтын цикл эрдсийг нөмрөн авч, түүхий эдэд тулгуурласан зах зээлүүдийн азын тэнгэр аашаа хувиргалаа.
Монголын эдийн засгийн хөөс арилж, хөрсөндөө бууж буй. Монголчууд ч хэт үсрэнгүй хөгжлийн талаар ярихаа больж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйн төлөө санаа зовниж сууна. Ер нь улс даяар уул уурхай, барилгын ажил цөм намжжээ. Үгүй дээ л, нийслэлд сүндэрлэдэг барилгын краны тоо цөөрч, уурхайн амууд хаагдаж буйг уншигч та анзаарсан биз. Эдийн засгийн гол салбарууд ийн хумигдаж байхад үйлдвэрлэлийн ослын тоо өссөөр.
Энэ тухай тоон мэдээлэлтэй танилцана уу. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд үйлдвэрлэлийн нийт 1122 осол бүртгэгджээ. Өнгөрсөн онд л гэхэд энэ төрлийн 383 осол гарсан байна. Энэ нь 2014 оныхоос 11 хувиар өссөн дүн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хуудас дахь мэдээллийг сөхвөл нийт ослын дийлэнхийг хүнд хэлбэрийн гэмтэл эзэлж байна. Мөн осолд өртөж буй иргэдийн дийлэнх нь 18-25 насныхан. Бас үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан хүний тоо дорвитой буураагүй. Өнгөрсөн онд 48 монгол хүн ийм ослоор амиа алджээ. Энэ тоо сүүлийн гурван жилд нийт 155-д хүрсэн байна. Энэ мэт харамсаад баршгүй олон ослыг тоочиж болно.
2012 онд үйлдвэрлэл, уул уурхайтай холбоотой ослууд шил шилээ даран гарч, олон нийтийг айдаст автуулж байсан. Барилгын дээвэр дээрээс бэхэлгээний төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насанд нь хүрсэн гэхчлэн. Тухайн үед сүр шуугиан болж байсан ч хоног өдөр өнгөрөх тусам мартагдан замхарсаар. Харин ч осолд өртөгсдийн тоо буурах бус улам өссөөр байна.
Манай үе үеийн Засгийн газар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дөрвөн удаагийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ онд дөрөв дэх хөтөлбөр төгсөх бөгөөд ирэх оноос тав дахийг эхлүүлэхээр зэхэж байна. Гэвч ийн урт хугацааны хөтөлбөрийн шид гарсангүй. 2012 оноос осол улам ч гаарчээ.
Эдгээр хөтөлбөрөөс гадна хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйгаа хамгаалуулахын тулд иргэд, аж ахуйн нэгжүүд төрд мөнгө төлдөг. Тэд орлогынхоо 1-3 хувийг шилтгэл хэлбэрээр төлж, энэ нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санг (ҮОМШӨДС) бүрдүүлдэг. Тэгвэл дээр өгүүлсэн ноцтой осол гэмтлүүд гарсаар байхад энэ сан урьдчилан сэргийлэхэд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
Бодлогоо хэрэгжүүлэх хөрөнгө нь “хүний” мэдэлд байдаг тогтолцоонд хамаг учир байна
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллээр ҮОМШӨДС-д зөвхөн өнгөрсөн онд 109.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг иргэд өөрийн аюулгүй байдлаа хамгаалахад зориулж төрд төлж. Харин тус сан үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэхэд иргэдийн өгсөн мөнгөний ердөө гурван хувийг зарцуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд 383.1 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд ослын давтамж, хохирогчдын тоо өссөөр.
Угтаа осолтой тэмцэх хөрөнгө ҮОМШӨДС-д хангалттай бий. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланд дурдсанаар сүүлийн дөрвөн жилд ҮОМШӨДС-гийн нийт зардал нь орлогынхоо дунджаар гучин хувьтай л тэнцэж буй. Тодруулбал, иргэдийн төлсөн орлогын 70 хувь нь санд үлддэг гэсэн үг.
Сүүлийн дөрвөн жилийн үлдэгдлийг нэгтгэвэл хөрөнгө нь 245 тэрбум төгрөгт хүрч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэтэл энэ сан байгуулагдсанаасаа хойш 20 гаруй жил болчихож. Тэгэхээр үлдэгдэл хөрөнгө ч чамгүй байх нь мэдээж. Гэвч ҮОМШӨДС- гийн үлдэгдэл хөрөнгийг лавлахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан боловч тусыг эс оллоо.
Өчигдөр буюу лхагва гарагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагуудын нээлттэй өдөрлөг болсон. Төрийн алба үүдээ дэлгэх үеэр энэ талаар тодруулахаар оролдсон ч үлдэгдлийг хэлэх хүн үнэндээ байсангүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаяр “Нийгмийн даатгалын таван сан тус бүрийн орлогыг өөр санд шилжүүлж, ашиглах эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр мөнөөх үлдэгдэл хадгалаастай байгаа аж.
Гэвч ийн хадгалах завсар сахин хамгаалах учиртай монгол хүн амиа алдсаар. Дээр өгүүлсэн бараан түүх олонтой 2012 оныг нэхэн саная. Шил шилээ дарсан аймшигт осол гарсан тэр жилийн дараа буюу 2013 онд Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлээс урьдчилсан сэргийлэхэд нэг ч мөнгө зарцуулаагүй гэвэл та итгэх үү. Тэгвэл тухайн онд 51, удаах онд 56 хүн үйлдвэрлэлийн ослоор таалал төгссөн байх юм. Төр өөрийн мэдлийн иргэдийн мөнгөнөөс гар татсан жилүүдэд амиа алдсан хүний тоо ийн өсчээ. Харамсаж, халагламаар байгаа биз.
Санхүүгийн боломж байсаар атал хүнийхээ төлөө хөшүүн, хайнга хандаад буйн шалтгааныг мөн эрэлхийллээ. Уг нь энэ асуудлыг хариуцсан бүхэл бүтэн салбарын яам Монгол Улсад ажиллаж байна. Тэгэхдээ Хөдөлмөрийн яам ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, дүрэм журмыг боловсруулж, хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй аж.
Тэр хэрэгжилт нь хэр сайн хангагдаж буйг МХЕГ хянадаг. Хачирхалтай нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй салбарын яаманд ҮОМШӨДС-гийн хөрөнгийг захиран зарцуулах эрх байдаггүй гэвэл та итгэх үү. Гаргасан бодлогоо хэрэгжүүлэх хөрөнгө нь хүний мэдэлд байхаар өрөөсөн гартай хүнээс ялгаа юун. Харин энэ эрхийг есөн хүний бүрэлдэхүүнтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ҮОМШӨДС-гийн хөрөнгөтэй хамт өөртөө хадгалсаар.
Хэрэв сэргийлж чадсансан бол өнгөрсөн хугацаанд хэчнээн монгол хүн эсэн мэнд, эрүүл энх байх бол! Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28- нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна. Энэ үеэр үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдийн дурсгалыг хүндэтгэдэг. Энэ өдөр ч бид золгүйгээр амиа алдсан иргэдээ дурсана.
Хэрэв нэг ч гэсэн монгол хүнийг ослоос хамгаалахад энэ сан мөнгө зарахгүй бол ниргэсэн хойно хашхирав гэгчээр хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь тэтгэмж өгөхөөр түүнийг байгуулсан хэрэг үү?
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL:











