Монголбанк бодлогын хүүг нэмснээр АН-аас ард түмэнд үүрүүлсэн ачааг өөртөө авлаа

147150345157b55c5b7787bМөнгөний бодлогын хүү ганцхан өдөрт огцом 4.5 хувиар нэмэгдлээ. Мэдээж сайн мэдээ биш. Гэхдээ бүр яахаа алдсан муу мэдээ бас биш. АН төсөвт ямар алдагдал үлдээв. Монголбанкинд хэр хэмжээний гадаад валютын нөөц үлдээв. Зөвхөн  “хасах”  тэмдэг л харагдана. Ч.Сайханбилэгийн хэлсэн “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” маань “төсөв хасах, нөөц хасах, хөрөнгө оруулалт хасах” дээрээ явна. Гэхдээ энэ бол зөвхөн Ч.Сайханбилэгийн буруу биш ээ. Тэр Хэрэг эрхлэх газарт нь ажиллаж байхдаа харагдсан бүхнийг засах гэж оролдлоо. Гэвч засагдахгүй алдаа гэж бас байна.

Нэгэнт үерийн ус шиг  сад тавьсан өрийн их урсгал, түүний зарцуулалт гэх үлгэрийн тоо энэ бүхнийг үнэн бодит байдалд нийцүүлэх гэж их хичээлээ. Нэлээд ч “дарууллаа”. Хөл гар нь хүлээтэй ажиллах Ерөнхий сайдын зовлонг бодитоор үзүүлсэн болохоор нь өнөөдөр түүнд гомдох иргэн харьцангуй цөөн байж ч мэдэх юм.

Энэ удаагийн Засгийн газар улайсан данс, хөөсөрсөн өр, түүнийг дарах үүрэг дээр л ирлээ. Азгүй ч гэхэд хаашаа юм бэ, гэхдээ сурцтайгаар хөдөлж эхэлж байна.  Өчигдөр л гэхэд Монголбанк мөнгөний бодлогын хүүг ганцхан өдрийн дотор 4.5 хувиар нэмчихлээ. Зүхэж харааж байна гэж тоймгүй. Үүнийг ч мэдэж байсан боловч ийм нэгэн зоригтой алхам хийхгүй бол өөр юу руу ч түлхэгдэж мэдэхээр байв.

Ингээд Ерөнхий сайд нь ОУВС-гийнхантай уулзаж нөхцөл байдлаа илэн далангүй ярилцаад туршлагатай мэргэжлийн хүний хувьд тэдний зүгээс тавих шаардлагыг мэдэрч, “Стэнд бай” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бус төсвийн сахилга баттай холбоотой арга хэмжээ авах гэж байгаагаа яаран илтгэсэн нь зөв тактик байсан болов уу. Тиймээс ч ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши “Та бүхэн нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл” хэмээсэн юм.

Үүнтэй зэрэгцэн Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгон нэмэгдүүлж иргэдийн гар дээр их хэмжээний төгрөг хуримталж улмаар ам.долларын ханшийг өсгөх эрсдэл айсуйг анзаарч зоригтой алхам хийлээ. Тиймээс ам.долларын огцом өсөлтийн “сезон”-ыг угтуулж төгрөгийн ханшийг аврахын тулд бодлогын хүүгээ 15 хувьд хүргэсэн нь энэ.

Үнэн хэрэгтээ нэгэнт тухайн үед Монголбанк мөнгө хэвлэсээр байгаад нөхцөл байдлыг хүндрүүлсэн нь маргах аргагүй “болсон явдал”. Харин үүнээс яаж гарах вэ гэдэг дээр “тамын тогооны үлгэр” зохиох биш маш хурдтай маневрлаж ажиллах, үр дүн гаргах нь чухал болоод байна. Үүний тулд зүдрэх ёстой бол зүдэрч, зүтгэх ёстой бол зүтгэхээс өөр аргагүй. Бүсээ чангалж болно, бүх “эрх чөлөө”-гөө тавиад туухад эртэднэ. Ийм ч учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-нд нийтэд өгсөн мэдээлэлдээ “Эхний 15-18 сард макро эдийн засгийг тогтворжуулна. Төсвөө эрүүлжүүлнэ. Үйлдвэржүүлнэ” гэж зорилтоо тодорхойлсон. Түүний өмнө хатуу босго бий ч үүнийг давж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа нь харагдлаа. Төсвийн тодотголыг, эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөртэйгээ хамт УИХ-д өргөн барина. Одоогоор түүнийг оны эцэст ДНБ-ий 21.6 хувьд хүрэх алдагдал хүлээж байна. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ чангаллаа. Гэхдээ огцом чангаллаа. Гэтэл Ерөнхий сайд хамгийн эхний хуралдаанаараа орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ хэлчихсэн билээ. Маш хүнд нөхцөл байдал түүнийг угтаж буй ч даваад гарч чадна гэсэн найдвар түүний харцнаас, үгнээс, шийдвэрээс харагдаж байна.

Жич: Нарийн яривал Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэмж дэндүү зоригтой алхам хийснээрээ АН-ынхны замбараагүй зарцуулалт гурван салаа төсөв, үлэмж хэмжээний мөнгө хэвлэсэн гэм нүглийг арилгах ачааг ард түмний нуруунд ч өөрийнхөө үүрэгт ч нэмчихлээ гэдгийг онцлон сануулъя.

О.Сүрэн

http://www.zaluu.com/read/91ch2e7g

 


URL:

Сэтгэгдэл бичих