ДАЛАН ХОЁР /богино үгүүллэг/

downloadӨдрийн 24 цаг гэдэг анхнаасаа буруу тооцож гаргасан хэмжээ. Нэг өдөр гэдэг даанч дэндүү богинохон. Тэр энэ бодлыг анх нохойн төрлийг олж төрөхдөө бодсон юм. Нүдээ ч нээж амжилгүй, нарт орчлонг харж үзэлгүй буцаад явсан билээ. Эх жингэр нь хашааны буланд түүнийг орхиод хаашаа ч юм бэ, сураггүй алга болсонд жавар тачигнасан өвлөөр төрсөн тэр үүрийн таван жингээр хөлдөөд үхчихжээ. Удалгүй зээрийн янзага болж төржээ. Чүүчгэр хөл дээрээ сайн тогтож чадалгүй, хаврын нарны илч муутай гэрлийг үзэн баясаад л чононд бариулчихлаа. Дахиад л өөр нэг төрлийг хайж явсаар болор сав хадгалдаг модон хайрцаг болж төржээ. Бас л гуравхан өдөр, эндхийн хугацаагаар 72 цаг л амьдарчээ. Үнэтэй шил савыг нь аваад түүнийг хэмхчиж галд шатааж орхив. Түүнээс хойш 19 зүйлийн биеийг олж төрөөд ердөө 72 цаг л амьдарч үзжээ. Урт удаан амьдрахсан гэж бишгүй бодсон ч бүтсэнгүй. Ийм л хувь заяатайдаа тэр бараг л эвлэрээд байв. Харин азаар 20 дахь оноолт түүнд хүн заяа хайрлажээ.
Часхийн орилж орчлонд мэндлэснээс хойш бас л 72. Гэхдээ цаг бус 72 жил өнгөрчээ. Тэр нүдээ аниад туулж өнгөрүүлсэн уртаас урт он жилүүдээ ар араас нь цувуулан нэхэн санав. Ямар ч ялгаа байсангүй. Хоромхон зуур 72 цаг өнгөрсөн мэт л санагдаж байлаа. Гуравхан өдөр. Эцсийн удаа гүнээр шүүрс алдахад өдрийн нар уулсийн цаагуур пүлхийн унах сонсогджээ. Тэр л чимээтэй хамт ” өдрийн 24 цаг гэдэг анхнаасаа буруу гаргасан тооцоо” гэж бодож амжлаа.

2018-02-02


URL:

Сэтгэгдэл бичих