Юанийн ам.доллартой харьцах ханшийг огцом сулрууллаа

5cda28f23f667АНУ-тай бараа бүтээгдэхүүний татварыг харилцан нэмж буй энэ үед БНХАУ-ын Ардын банк үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг шууд 0.6 хувиар огцом сулруулжээ.

Лхагва гарагт Хятадын Төв банк нэг ам.доллартой харьцах юанийн дундаж ханшийг 6.8365 болгосон бөгөөд энэ нь нэг өдрийн өмнөх 6.7954 юаниас 411 пунктээр суларсан ханш аж.

Хятадын үндэсний валютын ханш он гарснаас хойш ихээхэн суларсан юм. Валютын ханшийг оновчтой, тогтвортой түвшинд байлгана гэж Хятадын Төв банк мэдэгдэж байв. Түүнчлэн юанийн ханшийг худалдааны маргааныг зохицуулах хэрэгсэл болгон хувиргах гээгүй гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нэг бус удаа мэдэгджээ.

Блүүмберг агентлаг урьд нь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлахдаа, АНУ-ын төлөөлөгчид БНХАУ-тай худалдааны асуудлаар хэлэлцээ хийхдээ юанийн ханшийг тогтвортой байлгахыг Бээжингээс хүссэн бөгөөд энэ асуудлыг хэлэлцээний хэд хэдэн үе шатанд хөндсөн гэжээ. Юанийн ханшийг сулруулах аливаа оролдлогод илүү өндөр тарифуудаар хариу барих болно гэж АНУ мэдэгдсэн байна. Юанийн ханшийг сулруулж байгаа нь Хятадын импортын бараанд ногдуулсан Америкийн татварын эсрэг чиглэсэн стратеги байж магадгүй гэж Блүүмберг агентлаг мэдээлжээ.

Хятадын Ардын банк 2015 оны наймдугаар сард юанийн нэг ам.доллартой харьцах ханшийг 6.2-оос шууд 3 хувиар огцом сулруулж 6.4 болгосон нь дэлхийн хөрөнгийн зах зээлд нөлөөлж байв. Хожим нь Хятадын Төв банк юанийн ханшийг тогтворжуулахын тулд хүчин чармайлт гаргасан байна. Үүний дараа Хятадын валютын ханшийг гурван ч удаа сулруулсан юм. Эхний удаагийнхыг Хятадын Төв банк экспортын өсөлтийг дэмжихийн тулд ханшийг зориудаар унагасан гэж шинжээчид мэдэгдэж байжээ. Харин Хятадын эрх баригчид үүнийг няцаасан мэдэгдэл хийж байв.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.