Монголын нийгэм вирусээс урьтаж ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөнгөөр өвдөж эхлэв үү

  • Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт дөнгөж 36 хувьтай байгаа нь өмнөх оны дүнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм
  • Бөөний болон жижиглэн худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө гээд бүхий л бизнес хүнд үетэй золголоо. Бизнесийн орчинд гутранги үзэл ноёлж, аж ахуйн нэгжүүд айдастай байна. Монголын хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийнхэн хатуу цагийн шалгуурыг давж гарч дөнгөх болов уу. Эргэлзээ, эрсдэл бизнесийн орчныг бүхэлд нь эзэллээ. Үүнийг “Бизнесийн итгэлийн индекс” судалгаанаас харж болохоор байна
  • Компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ
hudaldaa_aj_uildver_1

Бизнесүүд хурдаа хасаж байна. Энэ хавар эхлүүлэхээр зэхэж байсан төслүүдээ хойшлуулж, нэмж зардал гаргахаас зайлсхийж эхэллээ. Хөрөнгө оруулалтаа танаж, үйл ажиллагааны тогтвортой байдлаа хадгалахыг эн тэргүүнд хичээх болов. Захирлууд бизнес эрхлэх арга барил, тэмүүллээ өөрчилж, хямралын шуурганд тэсч үлдэхээ л чухалчлахаас аргагүйд хүрлээ. Цар тахлын дараах бизнесийн орчин танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөхөөр байна. Тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах амаргүй сорилт хувийн хэвшлийн өмнө ирлээ. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш тасралтгүй өсөж байсан ашиг, орлого энэ жил анх удаа буурахаар байна. МҮХАҮТ 2012 оноос хойш жил бүр тогтмол хийж ирсэн энэхүү судалгааны үр дүнг харвал, бизнесүүд хэмнэлээ алдаж, үйл ажиллагаа нь хэдийн доголдож эхэлжээ. Нийслэл, орон нутгийн 1800 гаруй аж ахуйн нэгжийг уг судалгаанд хамруулсан бөгөөд ажил олгогчид 2020 онд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэж үзжээ.

Ажилгүйдэл нэмэгдэнэ гэхээр компаниуд ажилтнаа цомхотгоно гэсэн үг. Орлогогүй болсон өрх ядууралд өртөнө. Судалгаанд оролцогчдыг бизнесийнх нь чиглэлээр авч үзвэл 30 гаруй хувь нь худалдаа, 25 хувь нь үйлчилгээ, үлдсэн нь барилга, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар байна. Эдийн засгийн орчны энэ оны хүлээлт таамаглаж байснаас тун тааруу дүнтэй гарчээ. Бизнес эрхлэгчдийн ашиг орлогын хүлээлт дөнгөж 36 хувьтай байгаа нь өмнөх оны дүнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал хоёр дахин дорджээ. Хөрөнгө оруулалт хийх хүлээлт мөн л 20 гаруй нэгж хувиар буурч, бизнесийн хэмнэл хэдийн алдагдсан байна. Баялаг бүтээгчид бизнесийн орчны тулгамдсан эхний гурван асуудалд бодлогын тогтворгүй байдал, авлига, зээлийн нөхцөл гэж хариулжээ. Манай улс олон улсын авлигын индексээр жил ирэх тусам байр ухарч буй. Сонгуулийн жилүүдэд “Бизнесийн итгэлийн индекс” үзүүлэлт сайнгүй байдаг.

Тэгвэл COVID-19 вирус, сонгууль хавсарсан энэ жилийн бизнесийн итгэл огцом унаж, татварын орлого хоёр дахин буурахаар байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд татвараа төлжчадахгүйд хүрч, ажилтнаа цомхотгож, зарим нь бизнесээ орхих хэмжээнд ортлоо нөхцөл байдал доройтох нь. 2019 онд дээрх судалгааны дүн анх удаа эерэг гарч байсан бол энэ онд ийнхүү буурлаа. Итгэлийн индекс буурснаар компаниуд зардлаа танаж, хөрөнгө оруулалтаа царцаахад хүрдэг. Ердөө жилийн өмнө компаниудын 78 хувь нь хөрөнгө оруулалтаа нэмнэ гэж байсан бол энэ жил 58 хувь болж буурчээ. COVID-19 вирусийн эсрэг авсан хязгаарлалт, эдийн засгийн хямрал бизнесийн бүх хэсэгт нөлөөллөө үзүүлжээ. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх МҮХАҮТ-ын даргын мэдэгдсэнээр, компаниудын 68 хувийнх нь орлого буурсан бол 42 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон төдийгүй доголджээ. Ингэснээр бизнесүүд 8000 хүнийг цомхотгохоос аргагүй байдалд ороод байна.

Засгийн газрын мэдээ

URL: