Тойрог зарах тийз буюу 100 саяын наймаа эхлэв үү

unnamed 27Ирэх сонгуулиар АН-ын нэр хүнд нэг мөсөн шороотой хутгалдах нь тодорхой болоод байгаа. Учир нь, Ардчилсан намын удирдлагууд аль чадвартай, мэргэшсэн, боловсролтой, түүчээгээ бус намдаа эхний ээлжинд 100, тавдугаар сарын дундаас өмнө 300 сая буюу нийт 400 сая төгрөг өгсөн хэнбугайг ч намынхаа нэрийн өмнөөс УИХ-д дэвшүүлэх эрх олгоно хэмээн зарласан. Мөн “Хэрвээ чи УИХ-д сонгогдож чадахгүй бол төрийн ямар нэгэн өндөр албан тушаалд найдвартай томилж өгнө” гэх далд бонус дээрх эрхийг дагалдаж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, тус намын удирдлагууд төрийн албыг, цаашилбал УИХ-д сонгогдох эсэхийг нь наймаалцахаа албан ёсоор мэдэгдээд буй.

Гэхдээ Монголын ард түмэн өчигдрийг хүртэл Ардчилсан нам арай ч төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж, дээр нь тийм увиагүй юм хийтлээ доошоо орчихоогүй байлгүй хэмээн найдаж байсан ч “Хера холдинг”-ийн захирал Х.Ганхуягийн өчигдөр хийсэн мэдэгдэл үнэн болохыг нь батлаад өглөө. Тодруулбал, зөвхөн АН-ын гэх шошго буюу нэр дэвших эрхээ баталгаажуулах 100 сая төгрөгөө одоогоор 181 хүн Ардчилсан намд төлчихөөд байгаа гэнэ.

Х.ГАНХУЯГ: С.ЭРДЭНЭ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ АЖИЛЛАГААГАА ЗОГСОО

“Хера холдинг”-ийн захирал Х.Ганхуяг өчигдөр хэвлэлийн хурал зарлан зарим баримтыг нийтэд ил болголоо. Тэрбээр “Надад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Үүнийг Ардчилсан намын гишүүд илгээсэн байх. Захидалд “…С.Эрдэнэ АН-ын удирдах дээд байгууллага Үндэсний бодлогын хороог сүүлийн жилүүдэд мөнгөний АТМ болголоо. Жилд зөвхөн ротацийн сонгууль нэрээр ҮБХ-ны 400 гишүүний 30 хувийг дотор нь өрсөлдүүлж, хүн бүрээс зургаан сая төгрөг хураан 1.4 тэрбум төгрөгийн цэвэр орлого олдог бэлэн мөнгөний машин болгоод байна. Үүгээр зогсохгүй 2019 оны арваннэгдүгээр сард хуралдсан ҮБХ-ны хурлаар С.Эрдэнэ АН-аас УИХ-д нэр дэвшигчдэд 100 саяын босго тогтоосон. Энэ нь өнөөдөр 300-500 саяар өсөн нэмэгдлээ.

Энэ нь, МАН-ын 60 тэрбумын схемээс ч илүү төрийн мэдлийг мөнгөөр булаан авах, төрийн эсрэг хуйвалдаан болж хувираад байна. Одоогийн байдлаар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, 100 сая төгрөг төлсөн 200 орчим хүн бий. Ноцтой нь, тэдний дунд жирийн ардын хүүхэд цөөхөн бий. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарын гар хөл, хүргэн, хүүхдүүд, найз нөхөд, ураг садан сүлжээгээрээ нэр дэвшиж, эрх мэдэлд улайрсан нь удахгүй ил болох биз” гэсэн байна лээ. Мөн “АН-ын дарга С.Эрдэнийн үед жирийн гишүүд нь байнгын дарамтад байх болсон. Ална, тална гэсэн заналхийллийг байнга хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах болсон. Тиймээс АН толгойноосоо эхлэн өөрчлөгдөх цаг болсныг АН-ын жирийн гишүүдээс шаардаж байна” гэж онцолсон байсан. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН  нэр дэвшихийг горилж байгаа хүмүүсээсээ дэнчин байдлаар 100 сая төгрөг цуглуулж эхэлсэн нь ийнхүү тодорхой боллоо.

Энэ нь Үндсэн хуулийн сонгох, сонгогдох тухай хуулийг хязгаарласнаас гадна Сонгуулийн тухай хууль, мөн Эрүүгийн тухай хуулийг маш ноцтойгоор зөрчиж. Жишээлэхэд, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл дээр заасан иргэн сонгож, сонгогдох эрх, Улс төрийн намын тухай хуулийн сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж болохгүй гэсэн зүйл заалт байдаг. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн иргэний сонгох, сонгогдох тухай хуулийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэсэн заалт бий. Эрүүгийн тусгай хуулийн 14.5-д зааснаар иргэний сонгох, сонгогдох тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориуд саад учруулсан бол хуулийн дагуу шийтгэнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 22, 12 дүгээр зүйлд зааснаар дүрмээр олгогдсон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласны үүднээс үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэх мэтчилэн заалтууд  байна. Иймд миний  зүгээс С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаа өгөх гэсэн юм. Энэ хугацаанд үнэхээр танай намын гишүүд дэнчингээ төлж эхэлсэн бол нэрсийг нь ил болго. Мөн дансаа ил болго гэж шаардаж байна. Мөн АТГ-т дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийн санхүүжилтийн эх үүсвэрийг шалгах хүсэлтийг өгнө” гэсэн юм.

ДАРААГИЙН ПАРЛАМЕНТ ДАХИАД Л ХАЛААСНЫ ГИШҮҮДЭЭС БҮРДЭЖ МЭДЭХ НЬ

Х.Ганхуяг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж, 100 сая төгрөг төлсөн хүмүүсийн 25 нь Ц.Элбэгдоржийн гэх тодотголтой хүмүүс. Энэ хүмүүс УИХ-д сонгогдлоо гэхэд Ц.Элбэгдоржийн төлөө л ажиллана. Төрийн албанд орлоо гэхэд мөн л түүний ажлыг л амжуулна” хэмээсэн. Баримт дэлгэж байгаа хүний үг л болохоос яах аргагүй үнэн. Үе үеийн Засгийн газар, яам, тамгын газрын дарга, удирдлагууд өөрийг нь тэнд аваачсан, томилсон, дэмжсэн хүнийхээ гүйцэтгэгч, албат байсаар ирсэн баримт, жишээ мундахгүй.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд 100 ч бай, 400 ч бай сая төгрөг төлж, УИХ-д нэр дэвшсэн хүн бүхэн, цаашлаад санхүүжилтийг нь хэн нэгэн бизнесмэн, улстөрч гаргаж өгөөд “элч”-ээрээ явуулж байгаа тохиолдолд тэр нэр дэвшигч УИХ-д ч, төрийн албанд ч “утсан хүүхэлдэй” нь л болно гэсэн үг. Ардчилсан намын дэнчингийн тасалбартай хүмүүс УИХ-д хэрвээ сонгогдвол ирэх парламент дахь тус нам “утсан хүүхэлдэй” гишүүдтэй, улс төрд орохын тулд тархи, хөдөлмөрөө бус мөнгөө зориулсан гишүүд намдаа өгсөн 100, 400 сая төгрөгөө хэд дахин өсгөж авахыг, өөрийг нь гаргасан хүний ажлыг амжуулахыг бодохоос хэтрэхээргүй чадамжтай төлөөлөлтэй байх нь тодорхой юм. Энэ тохиолдолд тус намаас Монголын ард түмний төлөө сайн сайхан зүйл хийх, санаачлах, хууль, дүрэм журам сайжруулах, боловсруулах, засаглал хийгээд төрд шударга ёс бий болгох тухайд юу ч хүлээгээд нэмэргүй болно.

Үүнээс гадна зөвхөн нэр дэвшихийн тулд АН-д 400 сая төгрөг төлснөөс бие дааж дэвшсэн нь нэр хүндтэй гэж үзэх залуучууд тус намын гишүүд дунд цөөнгүй байгаа гэнэ. Энэ ч үүднээс өнгөрсөн дөрөв, найман жилд Ардчилсан намын төлөө морь, нохой мэт зүтгэсэн, намынхандаа төдийгүй тухайн орон нутаг, тойрогтоо хийсэн бүтээснээрээ үнэлэгдэж, нэр хүндтэй болоод байсан залуус ирэх сонгуульд “Мөнгөөр биш толгойгоороо өрсөлдөнө өө” хэмээн бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа гэнэ.

Үндэсний шуудан


URL:

Tags: