УОК-ын Шуурхай штаб: Хөл хориог сунгана, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана

211

Дэлхий дахинд коронавирусийн халдвар хурдтай тархаж байгаа. Харин манай улсын хувьд халдвар авсан 16 тохиолдол батлагдаж, 4 хүн нь эдгэрэн эмнэлгээс гараад байгаа юм.

Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл хязгаарласан. Мөн 0-12 насны хүүхэдтэй ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах, цэрэг татлага явуулахгүй байх зэрэг болж арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм.

Харин сүүлийн үед иргэдийн анхаарал суларч байна хэмээн УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Тэрбээр “Хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл хязгаарлаад байгаа. Энэ цаашаа сунгагдах байх. Өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж оруулж ирээд дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон. Сүүлийн үед иргэдийн анхаарал суларчих болсон. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтыг авч хэрэгжүүлэх ажлыг ирэх даваа гаригаас эхэлж хэрэгжүүлнэ. Аймаг, орон нутгийн онцгой комиссоос иргэдийн хөдөлгөөний хязгаарлах чиглэлд түлхүү анхаарч ажиллана” гэв.


URL: