АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа яагаад яагаад ИЗНН-аас нэр дэвших болов

369

Сонгуулийн өмнө монголчууд их юм үзэх бололтой. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө АН-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө бүртгүүлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн асан, фортуна Батбаярын охин Жаргаланг томилсон юм. Гэтэл нөгөө Б.Дэлгэрмаа нь намаасаа гараад зогсохгүй бүр бие дааж нэр дэвших шийдвэрээсээ ч буцчихаж. Тодруулбал, ИЗНН-д элсэж “Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшжээ. Б.Дэлгэрмааг намдаа 100 сая төгрөг өгөхөөс татгалзаж ийм шийдвэр гаргалаа хэмээн олон нийт тайлбарлаж байлаа. Харин тэрээр энэ тухайгаа арай өөрөөр тайлбарлажээ.

Тэрээр “Миний хувьд амаргүй шийдвэр байсан. АН-ын тэргүүн эгнээнд явсан хүн өөр намаас сонгуульд нэр дэвшинэ гэдэг хоёр талтай. Намын үзэл бодол, баримтлах чиглэлтэй санал нийлээгүй. Мөн намын удирдлага энэ удаагийн сонгуулиар залуучуудаа илүүтэй дэмжинэ гэдгээ байнга илэрхийлж ирсэн. Тиймээс би тэдэнд боломж олгох ёстой гээд АН-аас дэвшихгүй бие дааж сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн юм. Гэтэл Н.Алтанхуяг болон надаас бусад хуучин лидерүүдээ нэр дэвшүүлсэн байна лээ. Харин залуучуудаа дэмжинэ гэсэн нь талаар болж хамгийн боломжтой хүмүүсээ дэвшүүлээгүй нь гайхшрал төрүүлсэн. ИЗНН энэ жил МАХН, МУНН-тай хамт “Та бидний эвсэл” болж орохоор болсон нь миний итгэл үнэмшилд нийцэж байгаа. Улс төрийн хувьсгал хийх цаг нь болсон. Энэ нь сонгууль. Энэ сонгуулиар МАН болон АН-ыг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй. Арга зам нь хуулиар улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох. Сонгуульд зөвхөн итгэл үнэмшлээрээ оролцох. Сонгогчид нь саналаа хэдэн төгрөгөөр үнэлж зарахгүй байх, нэр дэвшигчид нь аль нэгэн санхүү, эдийн засгийн бүлэглэлийн төлөөлөгч эсхүл гар хөл бологчид биш байх. Хүн бүрт ойлгомжтой ийм зүйлийг хийх арга нь хамгийн том сорилт болж байна. Учир нь, эрх баригчид эрх мэдлээсээ хагацана гэхээс айж байна. Харин АН-ын удирдлага нь эрх мэдлийн төлөө улайрч байна. Хийсэн юмтай, улс төрийн туршлагатай, өөрийн гэсэн байр суурьтай хүмүүсээ шахаж гаргасан нь үүний нотолгоо. Энэ дашрамд, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө хамтран зүтгэж ирсэн АН-ынхаа мянга мянган гишүүд, дэмжигчиддээ талархал илэрхийлье. Би ИЗНН-ыг тохиолдлоор сонгоогүй. Энэ нам үүссэн цагаасаа л АН-ын үнэт зүйлийг тээгч нь байсан” гэжээ.


URL: