Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангалаа

5

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкнаас ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах үүргээ хэрхэн биелүүлсэн талаар мэдээллээ.  Монгол Улс  ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд 6 даалгавар биелүүлэх үүрэг аваад байсан. Хөл хорио тогтоосон тул ФАТФ-д  ажлаа цахимаар танилцуулах хүсэлт тавьсны дагуу энэ сарын 11-нд тайлангаа тавьжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ”ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ” гэв.

Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ийн Стратегийн дутагдалтай орны жагсаалтад орсон. Ингэхдээ нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр зургаан ажил авчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Бээжин хотноо болсон олон улсын хуралдаанаар зургаан ажлын 50 хувь буюу гурвыг нь амжилттай биелүүлсэн гэх дүгнэлт гарсан. Хоёрдугаар сард Парист болсон хурлаар энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулж Монгол Улсад хүргүүлсэн байна. Манай улс хийх ёстой гурван ажил үлдсэн байсныг тавдугаар сарын 11-нд ФАТФ-д хамгаалсан бөгөөд эдгээрийн үр дүнгийн талаарх мэдээлэл өчигдөр иржээ.  Мөн  манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

Манай улсын хувьд энэ удаад хамтын үнэлгээний тайлангаа хамгаалжээ. Үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хүлээн авах хугацааг хойшлуулсан байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

Тэрбээр “Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байна. Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор жагсаалтаас хасах хурлын тов тодорхой болоогүй байна” гэлээ.

Т.Хэрлэн


URL: