Монгол төмс “мода”-нд орох цаг дор

news_97774_1

Саяхнаас зарим худалдааны зах болон супер маркетууд нэг кг төмсийг 2500 төгрөгөөр борлуулсан нь иргэдийг ихээхэн бухимдуулав. Төмс, хүнсний ногооны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар мэдэхээр Баянзүрх худалдааны төвийг зорилоо. Эгнэн өрсөн төмс болон бусад хүнсний ногооны үнийг хэд хэдэн удаа өөрчилсөн бололтой баллаж, сохолсон харагдав. Тухайлбал, төмс 2500 төгрөг байсныг 2000 болгожээ. Лууван 2200 төгрөг байсныг 2000 болгосон бол хүрэн манжинг 500 төгрөгөөр бууруулан 3000 төгрөг болгожээ.

“Тариалан эрхлэгчдийн зооринд хадгалсан төмс, хүнсний ногоо дуусах дөхөж байгаа учраас үнэ нь ингэж нэмэгдсэн. Шинэ ургацын ногоо гарахаас өмнө жил бүр үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль шүү дээ. Үүнд гайхах зүйл байхгүй” хэмээн Баянзүрх худалдааны төвийн худалдагч Б.Нямсүрэн хэлсэн юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс болон зарим хүнсний ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн байлаа. Тэр ч байтугай нэг сарын өмнөхөөс ч хоёр дахин нэмэгдсэн байсан юм. Тухайн үед төмс 900, манжин 2500, сонгино 1500 төгрөгөөр худалдаалж байсан гэх үнийн мэдээллийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Шинэ ургац гарахаас өмнө төмс, хүнсний ногооны үнэ жил бүрийн өдийд нэмэгддэг хэдий ч сүүлийн таван жилд одоогийнх шиг хоёр дахин нэмэгдэж байсангүй.

Хүнсий ногооны худалдагчдын хэлснээр “Хөл хорионоос болоод хятад ногоо орж ирэх нь багассан. Гэтэл монгол ногооны үнэ нэмэгдсээр байна. Наадам өнгөртөл энэ байдал үргэлжилнэ гэсэн. Худалдан авалт үнэхээр муу байна” гэв.

Манай улс 2018 онд 2888 тонн төмс импортоор оруулж ирж байсан бол өнгөрсөн онд 381 тонн болж, 2020 оны эхний таван сарын байдлаар 4.3 тонныг л оруулж ирсэн аж. Үүнтэй холбоотойгоор хүнсний ногооны үнэ нэмэгдэж байгаа гэх хардлага байна. Учир нь манай улс дотоодынхоо хэрэглээний 40 хувийг л хангаж чаддаг. Үлдсэн 60 хувийг импортын хүнсний ногоо орлодог. Гэтэл хөл хорионоос болж импортын хэмжээ буурсан тул дотоодынхоо хэрэглээг хангаж чадахаа больж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна.

М.Баясгалан


URL: