Б.СҮХБААТАР: Нэг янданг нэг орон сууцаар солино

үгтөлөөлөгч8

Амралт, аялал зугаалгын цагт ажил нь “буцалж” буй байгууллага нийслэлд олон байх аж. Тэдгээрийн нэг “Нийслэлийн орон сууцын корпорац” (НОСК) хувьцаат компани юм. Тус байгууллагын ажил, цаашдын зорилго, зорилтын талаар гүйцэтгэх захирал Б.Сүхбаатартай нь ярилцлаа.

-“НОСК-аас хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарч буй насанд хүрсэн хоёр залууд нийслэлийн Орон сууцын санд буй байранд амьдрах боломж олгож, батламж гардуулсан. Нэг удаа ийм арга хэмжээ авав уу, эсвэл цаашид үргэлжлүүлэх төсөл, хөтөлбөр юм уу?

-Манай байгууллага болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтарч ажиллаж байгаа юм. Асрамжийн төвүүдэд өсөж бойжоод, насанд хүрсэн залуусын дийлэнх нь амьдралын замд бие даан хөл тавьж чаддаг ч, нэг хэсэг нь хаана, яаж амьдрахаа мэддэггүй юм байна. Тэд бусдын адил их, дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшин, орлого сайтай байж, дээд боловсролтой хүмүүс хэрхэн амьдардаг билээ, яг тийм ирээдүйг цогцлоохыг хүсдэг ч бас хясах нь бий. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ байдлыг судлаад, одоогоор төрийн болон бусад байгууллагын тусламж зайлшгүй хэрэгцээтэй залуусын нэрийг тодруулсан юм билээ. НОСК зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлж, туршлага хуримтлуулж буйн хувьд эхний ээлжид хоёр залууд түрээсийн орон сууцад амьдрах боломж олгож буй юм. Онцгой зорилтот бүлгийн гэж болохоор залуусыг цаашид дэмжих чиглэлд хамтарч ажиллахыг тусгасан санамж бичигт хоёр байгууллагын удирдлага саяхан гарын үсэг зурсан. Санамж бичиг дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй. Хоёр оюутан түрээсийн байранд амьдраад, хичээлдээ шамдаж, сургуулиа сайн дүнтэй төгсөн, мэргэжлээрээ ч юм уу, өөр чиглэлээр ажиллаж, орлогоор тасрахгүй байх аваас түрээсийн байраа ирээдүйд өмчилж авах боломж нь нээлттэй. Гагцхүү ажилтай, орлоготой байх чухал. Түрээсийн байранд амьдрах эрхтэй болсон Л.Төрболд, Б.Батдорж нар санаснаараа ажил олж хийж чадахгүй байвал НОСК ажлын байраар хангая гэж байгаа юм.

-Танайд ажил элбэг үү?

-Залуу хүмүүсийн хийх ажил ямагт байдаг. Төлбөрийн байцаагч болж болно. Судалгаа хийх ч боломжтой. Гэр хорооллын айлуудын газрыг байраар солих ажлын явцад хүн хүчний хэрэгцээ байнга гардаг. Тиймээс энэ хоёр залуу НОСК-д он удаан жил ажилласан ч болно.

-НОСК хэдий хэр урт наслах байгууллага вэ. Одоогийн төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд хаалгаа барих уу, эсвэл ажил доороосоо ундраад байх юм уу. Та түрүүн нийслэлийн Орон сууцын сан гэж хэлсэн. Сан гэхээр орон сууцны нөөц арвинтай болсон гэсэн үг үү?

-Улсын хүн амын тал орчим хувь нь нийслэлдээ төвлөрсөн, айл өрхүүдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг, орон сууцын эрэлт, хэрэгцээ өндөр болохоор байгууллага байнгын ажилтай байна. Тэгээд ч нэг төслийн хэрэгжилтээс дараагийнх нь санхүүжилтийг босгох механизм бүрдүүлж чадсан болохоор орон сууцын шинэ хороолол барихад хөрөнгөгүйдэхийн гачлан үгүй. Тийм болохоор ажил үргэлжилсээр байх тул НОСК олон жил оршин тогтнож, үйл ажиллагаа явуулах болов уу.

-Нэг төсөл хэрэгжүүлснээр дараагийнх нь санхүүжилтийг босгох механизм бүрдүүлсэн гэдгийг тайлбарлах уу?

-Бид орон сууц түрээслээд өмчлөх гэдэг хэлбэр, шинэ бүтээгдэхүүн гаргаж ирснээр түрээсийн орон сууц дамжин амьдарч ирсэн иргэдийг уян хатан нөхцөлтэйгөөр байраар хангах болсноос гадна орлого бүрдүүлж, дараагийн орон сууцуудыг барих санхжүүжилтээ шийддэг болсон.

-Бид гэж ярьж байна, та санаачилсан юм уу?

-Би 2017 оны нэгдүгээр сард энэ ажлыг хүлээж авсан юм. Тэр үед 14 ажилтантай шинэ байгууллага байлаа. Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах зорилготой л юм чинь, бүгд нэг зүгт харж эрчимтэй ажилласан. Олон ч хөтөлбөр боловсруулав. Олуул ч боллоо. Дараа жил нь нийслэлийн ИТХ-д асуудал оруулж, байгууллагынхаа статусыг хувьцаат компани болгож өөрчлүүлсэн. Ингэснээр далайцтай ажиллах боломж бүрдсэн л дээ. Юуны өмнө “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрөө Засгийн газрын түвшинд батлуулж чадсан маань дэвшил байв. Түрээслээд өмчлөх гэдэг шинэ хэлбэрийн бүтээгдэхүүнийг энэ хөтөлбөрт тусгасан юм. Иргэд НОСК-аас олгосон байрыг түрээсэлж тайван амьдрах явцдаа, хожим уг байрыг өөрийн болгож, өмчийн эзэн болохын тулд ипотекийн зээлийн хүүгийн, 30 хувийн урьдчилгааны зэрэг дарамтгүйгээр мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдүүлснээр ихээхэн давуу талтай. Ийм орон сууцын эрэлт их байна.

-Одоогийн байдлаар энэ төрлийн орон сууцад хэдэн айл амьдарч байна вэ?

-Нийслэлийн Орон сууцын сан гэж ийм замаар бий болгосон байруудыг хэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энгийн түрээс болон түрээслээд өмчлөх орон сууцад нийт 6235 иргэнийг хамруулаад байна. Мөн шинэ төрлийн коронавирусийн аюулаас ард иргэдийг урьдчилан сэргийлэх галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдыг Засгийн газрын тогтоолын дагуу орон сууцаар хангаж байна. Үүний хүрээнд 1000 алба хаагчийг түрээслээд өмчлөх сууцаар хангах юм. Өдгөө 900-д нь батламж гардуулсан. Тэдний 580 гаруй нь орон сууцаа сонгоод байгаа.

-Иргэд байраа өөрсдөө сонгодог юм уу?

-Тийм ээ. Зах зээлээс хүссэн байраа сонгоод, НОСК-д бүртгүүлснээр гэрээ хийх үйл явц эхэлдэг. Барилгын компаниудаас “Манай орон сууцуудыг энэ хөтөлбөртөө хамруулж өгнө үү” гэж хандсан нь олон. Хүсэлт ирүүлсэн компаниудын 2300 орчим байр байгаагаас 580 гаруйг нь төрийн алба хаагчид сонголоо. Гагцхүү иргэд орлогодоо таарсан байдлаар түрээс төлөх хувилбарыг бодолцох ёстой юм. Цаашид өмчлөх сонирхолтой бол гэрээг мөн л өөрсдийн, гэр бүлийн гишүүдийн орлоготой дүйцүүлж, орон сууцын үнийг хүндрэл багатай төлж барагдуулах хувилбарыг сонгох ёстой. Манай байгууллагаас ингэж зөвлөдөг.

-Төрийн албан хаагчид болон бусад иргэн хаанахын ямар орон сууцаас хэдий хэрийн үнэтэйг нь сонгох нь элбэг вэ?

-Иргэд ам метр нь 1.4-2.6 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, материал бүрдүүлж байна.

-Үнэ бага биш юм аа.

-Тухайн компанийг орон сууцаа иргэдэд ам метрийн үнийг 1.4 саяар бодож өг гэх эрх бидэнд байхгүй. Гагцхүү чанарын шаардлага хангасан эсэхийг, НОСК-д эрсдэлгүй байх талаас нь судалж, тухайн орон сууцыг хөтөлбөрт хамруулах дүгнэлт гаргадаг. Одоогоор ямар нэг маргаан байхгүй. Төрийн алба хаагчдаас цөөн хэд нь 150-160, бүр 180 саяын үнэтэй байр авах хүсэлтэйгээ хэлсэн. Бид “Хэрвээ хүн болгон ингээд байх юм бол төрийн алба хаагчийг олноор нь хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах боломжгүй болно. Зорилтот бүлгийн иргэдийг уян хатан нөхцөлөөр орон сууцаар хангах гэсэн бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн утга, мөн чанарыг ойлгож үйлчлүүлэхийг хүсье” гэсэн саналаа хүргүүлээд байна. Ийм тохиолдол дахин гаргуулахгүйн тулд орон сууцын үнийг 100 саяас дээш гаргахгүй байх гэсэн хязгаар тавьсан.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсонги байдалд орсон. Энэ хөтөлбөр танай ажилтай хамаатай юу?

-Хамаатай гэж ойлгож болно. Бага зэргийн алдаатай зүйлийг засах шаардлага гарсан. Хамгийн багадаа дөрвөн га талбарт газрыг орон сууцаар сольж, чөлөөлж байгаа юм. Газар дээр буй бүхнийг, өөрөөр хэлбэл, тарьсан мод, барьсан хашаа, байшингийн материал зэрэг хүний гараар бүтсэн бүхнийг үнэлж тооцож байгаа. Товчхон хэлэхэд, нэг янданг нэг орон сууцаар солино гэсэн үг. Тэгэхээр тухайн хашаанд амьдарч байгаа хүмүүс нэг өрөө хоёр байр, эсвэл үнэлгээнд дүйцүүлээд хоёр өрөө хоёр байр ч авч болно. Хэрвээ иргэдийн сонгосон байрны үнэ манай гаргасан дүнгээс их байвал зөрүүг НОСК-д боломжоороо төлж болно. Эсрэгээрээ манай байгууллага ч төлөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл зөрүүг НОСК бэлнээр төлнө. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өмнөх шиг таван айлын газрыг чөлөөлж, өндөрхөн нэг байшин бариулаад, айлуудыг оруулах замаар газрыг нь чөлөөлүүлэх буруу юм билээ. Цөөн айлын газрыг чөлөөлөхөд адилхан л дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай тул тэр болгонд зам тавьж, цахилгаан татахаас авхуулаад маш их зардал гарна.

Орчин тааруу хэвээр, сургууль, цэцэрлэг хүртээмжгүй, замын түгжрэл багассан юмгүй байдаг. Тэгэхээр ингэж хэсэгчилж, өм цөм чөлөөлөх нь үр дүн муутай. Энд дурдаж буй дөрвөн га талбарт бол хамгийн түрүүнд хөрсний, үерийн ус зайлуулах хоолой татахаас эхлүүлэн ажлыг зураг төслийн хүрээнд хийж буй юм. Үүнийг томоор нь харах юм бол яг л газар төлөвлөлтийн ажил. Мөн иргэдэд хохирол үгүй. Одоо ямар байдал үүсээд байгаа вэ гэхээр хашааны газраа чөлөөлж өгсөн иргэд газар ч үгүй, байр ч үгүй хохирчихсон, бас барилгын компаниуд сул зогсчихсон байна. Нэгэнт ийм алдаа гарсныг харж байгаагийн хувьд орон сууц барих ажлыг дэд бүтцийнхтэй нь зэрэг эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр бүхий л шат, түвшинд санал нэгдсэн учраас энэ л зарчмаар орон сууцын хорооллуудыг ногоон байгууламжтай, сургууль, цэцэрлэгтэй, машины зогсоолтой, өөрөөр хэлбэл, иргэд хэвийн амьдарч болох нөхцөл хангасан байхаар барьж байгуулах юм. Зарим тохиолдолд ажлын байруудыг ч шийдэх ёстой. Ингэвэл жинхэнэ төлөвлөлт болж чадна. Нөгөө талдаа орлогод нийцсэн орон сууц гэсэн бодлогын хүрээнд тухайн хороолол, хотхонд хэдэн хувь нь түрээсийнх, хэд нь түрээслээд өмчлөх байх юм, хэдэн хувийг нь зах зээлд борлуулах зэргийг тооцдог. Нэг доор орлого багатай олон иргэн байршуулах нь олон талын хохиролтой. Барилгын ашиглалт муудах, гэмт хэрэг гарах нь илүү гээд олон үзүүлэлтээр судлаачид тайлбарладаг.

-Хот төлөвлөлтийг нийгмийн талаас нь авч үзэх ёстой гэдгийн утга, мөн чанар ийм байх нь.

-Тийм ээ. Тэгэхээр хороолол, хотхонд иргэдийг, өөрөөр хэлбэл, айлуудыг өрхийн орлогын хэмжээнээс нь хамааруулан хольж, тараан байршуулах бодлого баримталж байна. Бидний барихаар төлөвлөсөн хороолол, хотхон болгон тус бүртээ онцлогтой. Орон сууц л гэдэг, үүний цаана хотын асуудлуудыг шийдэхэд чиглэсэн олон талын бодлого давхар агуулагдаж байдаг. Ийм их ажил НОСК-ынхны хичээл зүтгэлээс хамаарах нь. Та түрүүн асуусан, энэ байгууллага хэдий хэрийн настай вэ гэж. Тэгэхээр хот гэж байгаа цагт, иргэд оршин суух нь гарцаагүй тул орон сууцын асуудал хариуцсан байгууллагын ажил зогсохгүй.

-Хороолол, хотхон олныг барих гэж байна гэсэн. Чухам хаана юм бэ?

-Зураг төслийн түвшинд яваа болон барилгын ажил эхэлсэн олон хотхон бий. Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн мянга, Шар хад, “Цайз зах” орчим, Толгойт, Ханын материал гээд нэрлэж болно. Буянт-Ухаад 870 өрхийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаааны хүрээнд барьж эхлээд байна. НОСК бол зөвхөн газар, дэд бүтцээр хөрөнгө оруулалт хийж буй юм. Ногоон нуурт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина. Европын сэргээн босголт, хөгжлийн банк, БНСУ-ын талтай хамтарч хэрэгжүүлж буй болон залуучуудад зориулсан “Хөгжлийн үүд” төслийн хүрээн дэх хотхонууд гээд цааш нэрлээд байвал олон.


URL: