​Энэтхэгийн тусгай үүргийн онгоц осолдож, 18 зорчигч нас баржээ

image_660 (1)

Гадаадад гацсан иргэдээ татан авч байсан Энэтхэгийн тусгай үүргийн онгоц бямба гаригт осолдож, 18 зорчигч нас барсан харамсалтай явдал гарсан.

АНЭУ-ын Дубай хотоос иргэдээ авсан “Air India Express” компанийн “Boeing 737-800” нисэх онгоц Энэтхэгийн Кожикоде хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон юм. Онгоцонд нийт 191 зорчигч байсан аж. Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр онгоц хүчтэй бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал цаг уурын таагүй нөхцөлд нисэх буудлын газардах зурвасын шугамаас километр орчим хэтэрч газардсан нь сүйрлийн шалтгаан болжээ.

Нислэгийн хяналтын төвийн тайланд дурдсанаар онгоц Арабын тэнгис дээгүүр өнгөрөхдөө 1.8 километрийн өндөрт нисч байсан байна. Үүний дараа нисэх буудалд ойртох үедээ минут тутамд 300 метр доошилсоор нислэгийн зурваст зүүн талаас нь буух оролдлого хийсэн аж. Гэсэн ч хөлөг онгоцны ахмад үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас шалтгаалан дахин 600 орчим метр доошилж хоёр дахь оролдлогоор нислэгийн зурваст баруун талаас нь буюу төлөвлөгдөөгүй талаас газардалт хийх зөвшөөрөл хүссэн байна. Ингээд онгоцыг хүнд нөхцөлд газардуулах явцад буух зурвасын гуравны хоёрыг хэтэрсэн бөгөөд борооны улмаас халтиргаа үүсэж, замын үрэлтийн коэффициент буурснаар замын үлдсэн гуравны нэгт буулт хийж чадалгүй осолджээ.

Энэтхэгийн Холбооны иргэний нисэхийн сайд Хардип Сингх Пури ослын шалтгааныг нягтлан үзэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгджээ. Тэрээр “Хөлгийн ахмад зөвхөн энэ жил гэхэд Boeing 737-800 онгоцыг 27 удаа амжилттай газардуулсан, өндөр туршлагатай манай шилдэг нисгэгчдийн нэг байсан. Хэдий цаг уурын таагүй нөхцөл сүйрлийн шалтгаанд нөлөөлсөн ч энд хүний буюу нисгэгчид болон нислэгийн удирдлагын төвийн буруутай үйл ажиллагаа ажиглагдаж байгаа. Гэсэн ч одоогоор сүйрлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна. Тиймээс ослын шалтгааны талаар ямар нэгэн таамаг дэвшүүлж, урьдчилсан дүгнэлт хийх нь хэтэрхий хариуцлагагүй алхам юм” гэжээ.

Энэтхэгийн “Indian Express” сонины мэдээлснээр нас барсан 18 зорчигчдын дунд хөлгийн ахмад, туслах нисгэгч болон бага насны 4 хүүхэд байсан аж. Мөн нас барсан иргэдийн дунд “COVID-19”-ийн халдвартай нэг өвчтөн байжээ. Ослын улмаас 22 хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хөнгөн гэмтэл авсан 23 хүнд яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна. Сүйрлийн голомтод нисэх буудлын аврах баг түрүүлж очсон бөгөөд дараа нь сайн дурын ажилчид коронавирусийн тусгаарлалтын бүсийг үл харгалзан осолдсон онгоцны зорчигчдыг аврах ажлыг эхлүүлсэн гэж мэдээлсэн.

Гал түймэр унтраах, аврах хэлтсийн офицер Абдул Рашид өмнө нь коронавирусийн нөхцөлд осол болсон тохиолдолд аврах үйл ажиллагаа явуулах хэд хэдэн цогц сургалт хийсэн байсан талаар онцолсон байна. Тэрээр “Осолдсон онгоцны түлш их хэмжээний борооны устай холилдож гал гараагүй нь хамгийн азтай зүйл. Үнэндээ бид тусгай үүргийн онгоц осолдсон гэх мэдээг авмагцаа вирусийн талаар юу ч бодоогүй. Сүйрлийн голомтод очмогцоо бид тусгаарлалт хийх эрүүл мэндийн багийг хүлээлгүй шууд аврах ажиллагааг эхлүүлсэн” гэсэн юм. Харин Энэтхэгийн Керала мужийн Эрүүл мэндийн сайд К.К Шаялажа аврах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнийг бүхэлд нь тусгаарласан гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Indian Express, NDTV, Times of India

Itoim.mn 


URL: