“Энхсаран” сувиллын асуудлаар Прокурорын байгууллагад ханджээ

Capture(191)Халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэх “Энхсаран” сувиллыг хуулийн байгууллага шалгах ажил үргэлжилж байгаа аж. Нийтийн усанд орох газартай ийм байгууллагыг яагаад тусгаарлах байр болгосон юм бэ гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа. Мөн энэ сувиллыг төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүн ажиллуулдаг гэх хардлага бий. Уг асуудлаар Шадар сайд Я.Содбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар тайлбар өглөө.

Шадар сайд Я.Содбаатар:

-”Энхсаран” сувиллыг гуравдугаар сарын 3-ны өдрөөс тусгаарлах байр болгон ашиглах шийдвэр гарсан байдаг. Иргэдээс тусгаарлах байрны асуудлаар гомдол ирсэн тул есдүгээр сард УОК-оос тодорхой үүрэг чиглэл өгч, зарим газруудын үйл ажиллагааг зогсоосон. Арваннэгдүгээр сарын эхээр “Энхсаран” сувиллын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгсөн. Тухайн үед үүссэн нөхцөл байдлыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж өгөх албан тоот хүргүүлсэн. Энд хариуцлага алдсан хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой учраас халдвар хамгааллын дэглэм алдагдуулсан ямар иргэн, алба хаагч байна, түүнд хариуцлага тооцох ёстой.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Шадар сайдаас ирүүлсэн албан тоотын хүрээнд ЦЕГ-т шаардлага хүргүүлсэн. ЦЕГ шалгаж, баримтжуулаад хэрэг бүртгэлтэй хэрэг нээх саналаа прокурорт ирүүлээд байгаа. Энэ сувилалтай холбоотой дүрэм, журам зөрчсөн байж болзошгүй хувийн хэвшлийн, онцгой байдлын, ЭМЯ-ны 10 гаруй хүний асуудал бий. Маргааш хэрэг бүртгэл, хэргийн дугаар өгөнгүүт тэр бүх хүмүүсийг дуудаж шалгана. “Энхсаран” сувилалд гаднаас юм оруулдаг, худалддаг, нийтийн усанд орох газартай гэх мэт олон зүйл тодорхой болж эхэлсэн. Хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэн нэгнийг яллагдагчаар татах ажил хуулийн дагуу хийгдэх байх. Намайг энэ сувилалтай холбож яриад байгаа. Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байсан хүний хадам ээжийн сувилал гэж сэтгүүлч Ж.Отгон гаргасан байна лээ. Би тус дүүрэгт 10 гаруй мянган хүнтэй хамтарч ажиллаж байсан. Тэдний хадам ээж бүртэй холбогдох нь учир утгагүй. Бүх нийтийн хөл хорио тогтоосон үед бие биенээ гүтгэхээс илүү бодит мэдээлэл түгээж байгаасай гэж уриалж байна.

https://news.zindaa.mn/3hnr


URL: