Сар шинийн барилдааны түүхээс

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 түрүүлжээ-

Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний үндэсний бөхийн барилдаан нэгэн мянга есөн зуун жаран гурван оноос эхэлсэн билээ.

Нэгдэлч малчдын баярын гэх тодотголтой анхны барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат хорин хоёр насандаа түрүүлсэн байдаг.

Ж.Мөнхбат энэ үедээ улсын заан цолтой, ид бяр чадал гэж жагссан ааг омогтой үе нь байж. Энэ барилдаанд аварга Ч.Бээжин, улсын арслан Л.Сосорбарам, У.Мижиддорж нарыг сүүлчийн даваанд дараалан хаяж түрүүлсэн юм билээ.

Ингэж сар шинийн барилдаанд анх түрүүлсэн жилээ улсын баяр наадамд мөн түрүүлсэн бол дараа жил уламжлалт хоёр том баярт мөн дахин түрүүлж барилдааны өнгийг тодорхойлж чадсан байна. Энэ нь бөхчүүд болоод бөхөө дээдэлдэг ард түмний дунд цагаан сарын барилдаан тухайн жилийн өнгийг харуулдаг гэсэн зөн яриа, “бичигдээгүй хууль”-ийг баталсан гэдэг. Ингээд жаран гурван оны сар шинийн барилдаандаа эргэн оръё.

Түрүү бөх Ж.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, аварга Ч.Бээжин (заан цолтой байв)-тэй үзүүр түрүүнд хүч үзэж байжээ. Шөвгийн дөрөвт Төв аймгийн харьяат, хүчит арслан Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нар үлдэж байсан ажээ. Бас нэг сонин гэвэл хожим нь үнээ саалгадаггүй нэр авсан “Хоёр Мөнх” энэ cap шинийн барилдаанд анх учраа таарсан байна. Баянаа нь аймгийн заан, Мөөеө нь улсын начин байжээ. Түүнээс хойш 48 жил өнгөрөхөд 48 барилдаан болсон байдаг. Тэгвэл 48 түрүү бөхийн хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Цагийг эзэлсэн их аварга маань 13 удаа түрүүлжээ. Тэр дотроо 1988-1998 оны хугацаанд завсаргүй 11 түрүүлсэн байна. Түүнийг цагийг эзэлсэн гэх гуншин ч зөвхөн үүгээр биш улсын баяр наадамд бас 12 түрүүлсэнд нь хайрласан биз ээ.

Тэгвэл сар шинийн барилдаанд найм түрүүлсэн Х.Баянмөнх, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат нар удаах байранд жагсдаг. Энэ хоёр аваргын түрүү бөх болсон мөчлөгийг авч үзвэл анхны түрүү бөх Ж.Мөнхбатынх 18 жил, Х.Баянмөнхийнх 16 жил байна. Эндээс аргагүй л ясны бөхчүүд юмаа гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Тэдний дараа гурав түрүүлсэн бөх нь Д.Цэрэнтогтох аварга.

Энэ дөрвөн аваргын түрүүлсэн нийлбэр 30 байна. Энэ 48 түрүүгийн 62.5 хувь болж байгаа. Тэдний ард аварга Г.Өсөхбаяр, Д.Хадбаатар нар гурав, А.Сүхбат хоёр түрүүтэйгээр бичигддэг. Мөн улсын начин цолтойдоо Ч.Өвгөнхүү, О.Балжимням нар, Ч.Санжаадамба (2010) нэргийн арслан, Ж.Мөнгөнбаатар аймгийн арслан байхдаа тус бүр нэг түрүүлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих