Cap шинийн сэрэмжлүүлэг
Cap шинэтэй холбоотойгоор нийслэлийн гудамж замд хөдөлгөөний ачаалал ихэслээ. Ялангуяа худалдаа, үйлчилгээний төвүүдийн ойр орчим хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Ийм байдал нийслэлд цагаан сарын баярын үеэр буюу шинийн 1, 2, 3-нд үргэлжилдэг. Хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа ийм үед жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бухимдалгүй, бие биенээ хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
Үндэснийхээ уламжлалт баяраар иргэдийнхээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, аваар осол, зөрчилгүй сайхан баярлуулахын тулд Замын цагдаагийн албан хаагчид бие бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах ажээ.
Баярын өдрүүдээр жолооч нар тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш хүн тээвэрлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодохгүй байхыг уриалж байна.
Орон сууцны хороолол дунд зогсох зогсоолын дүрэм баримтлан тээврийн хэрэгслээ зөв байрлуулах, ялангуяа өгсүүр, уруу газар автомашинаа байрлуулахдаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөхгүй, өнхрөхгүй байх нөхцөлийг бүрэн хангах хэрэгтэй гэдгийн сануулж байна.
Cap шинийн бэлтгэлээ хийхээр хөдөөнөөс нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдсэн. Мөн шинийн 3-наас эхлэн хотоос гадагш орон нутгийг зорих хөдөлгөөн ихэсдэг. Холын замд гарч буй жолооч нар техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж явах хэрэгтэй юм. Ялангуяа орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэн давхиж, зарим тохиолдолд гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс нарийнхан замд осол гарч эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олонтаа давтагддаг. Автомашины эвдэрлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зохих журмын дагуу байрлуулаагүй зэргээс болж, зам тээврийн ноцтой осол цөөнгүй гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 362 хүн нас барж, 1093 хүн гэмтсэн юм. Энэ нь урьд оныхтой харьцуулахад нас баралт 12,8 хувиар, гэмтсэн хүн 17,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан.
Харин энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 145 гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нэгдүгээр сард зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 22 хүн нас барсаны 17 нь хөдөө орон нутгийн замд 5 нь нийслэлд нас баржээ.
Тиймээс та бүхнийг сар шинэдээ анхаарал болгоомжтой шинэлэхийг хүсч байна.
М.Жаргал
URL:













