“Дэлхийд байхгүй үнэ, хамгийн муу чанар, зөвхөн ашгийн төлөөх хандлагаа хэзээ өөрчлөх вэ?”

fagfdghf

Лифтний хонгилд унаж амиа алдсан бяцхан хүүгийн харамсалтай бөгөөд ноцтой хэрэг нийгмийг дахин цочирдууллаа. Томчуудын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж олон ч бяцхан зүрх зогсож, бидний ирээдүй энэ орчлонгоос хальж байна. Хэрэг явдал болсон тэрхэн үед нь бүх нийтээрээ шуугиж, аюулгүй байдлыг хангах асуудлыг гэнэт дор бүрнээ санаж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа буцаад л мартдаг. Ийм нийгэмд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдийн төлөөх анхаарал, хариуцлага, ухамсраа дээд цэгт нь тавих хэрэгтэй.

Өчигдөр болсон ослын тухайд иргэд тухайн байрны СӨХ-г буруутгаж байгаа ч нөгөө талдаа СӨХ-ны төлбөрөө өгдөггүй айл өрхүүдийг ч хамруулан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ талаар дуучин Ану буюу 5 охины ээж Ч.Уранхолбоо цахим хуудсаар дамжуулан өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ.

Зай завсаргүй чихэлдэн баригдах энэ олон барилгыг хөгжил хэмээн хардаг хүмүүс цөөнгүй бий. Харин хэдий өртгөөр хэр чанартай, чанаргүй барилгууд сүндэрлэж байгааг энгийн иргэд тэр болгон мэдэхгүй. Хэдэн жилийн настайг нь мэдэх боломж нь хязгаарлагдмал.

Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах суурь эрхүүдийг хангах тухай асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Харамсалтай нь хэсэгхэн хугацааны дараа шинэ сэдвээр энэ бүхэн дарагдаж, эрсдэл хаа нэгтээ ээлжит нэгнийг гэтнэ.

Айдас дагуулсан энэ мэт асуудалд цэг тавих арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг жилийн жилд сануулсаар байна.

Дахин ийм аюул бяцхан үрсэд минь бүү тохиог!


URL: