Ядуурлаас гарахад саад болдог сэтгэлзүйн 3 ОНЦЛОГ

Хүний орлого хамгийн наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байхыг ядуурал гэнэ. Үүнд гадаад хүчин зүйлс ч хамааралтай байдаг. Бага орлоготой байх нь хүний өөрийнх нь сонголт, түүний л буруу гэж ярих нь шударга биш. Хүссэн хүн бүр мөнгөжиж чаддаггүй нь үнэн. Гэхдээ санхүүгийн хувьд бүтэл муутай байхад нөлөөлдөг сэтгэлзүйн хэд хэдэн онцлог бий гэж судлаачид баталдаг.

1. Өөрийгөө доогуур үнэлэх

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаарх яриа гарахад ихэвчлэн хүний дотоод шаналал, харилцааны асуудлыг л чухалилдаг. Гэтэл энэ байдал санхүүд ч нөлөөлдөг аж.

Өөрийгөө дутуу үнэлдэг хүн илүү сайн орлоготой байж болно гэдэгтээ итгэхгүй байх нь бий. Мөн ямар нэг шалтгаанаар өндөр орлоготой байх эрхгүй гэж үзвэл бүр ч дор. Тиймээс л ажиллах нөхцөл муу, цалин багатай газар ажиллах бөгөөд цалингаа нэмүүлэх хүсэлт тавьж чаддаггүй.

Ийм хүмүүсийг удирдах их амар. “Таалагдахгүй байвал явж болно, чам шиг хүмүүс ажилд орох гээд дараалалд зогсож байна”, “ийм ажлын чинь төлөө цалин өгч байгаа нь их юм” гэсэн үг сонссон бол энэ нь үнэндээ бодит байдлыг илтгэж байгаа хэрэг биш харин таны өөрийгөө дутуу үнэлдэг зан дээр тоглож байгаа хэрэг

2. Стресс

Стресстэй нөхцөл байдалд орох нь үргэлж муу үр дагавартай байдаггүй. Бие организм өөрийгөө дайчилж, дараагийн удаад ийм сорилттой тулгарвал хялбархан давах дадал олж авч байдаг.

Харин урт хугацаанд үргэлжлэх стресс өөр хэрэг. Энэ нь хүний тархинд нөлөөлж, санах ойг ч бууруулдаг. Байнгын түгшүүр, тавгүй байдал нь нөхцөл байдлыг үнэлэх, үнэн бодит шийдвэрүүд, тэр дундаа санхүүгийн зөв шийдвэр гаргахад  саад болдог аж.

Энд “чөтгөрийн тойрог” үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй. Мөнгө багатайгаас үүдэн стресст орно, хямралд орсон хүн мэдээллийг боловсруулах, нөхцөл байдлыг үнэлэх, тэргүүний зорилтуудаа тодорхойлох чадвараа алдана, ингээд л дахиад орлогоо алдана гэсэн үг.

3. Зохиомлоор үүссэн сул дорой байдал

Америкийн сэтгэл судлаач Мартин Селегманы нээсэн энэ үзэгдлийг хожим олон эрдэмтэн туршилт явуулан судалжээ. Эрдэмтэд амьтад дээр туршилт хийгээд, хачирхалтай үр дүнд хүрсэн байна.

Хэн нэгэн хянаж чадахааргүй сөрөг нөхцөл байдалд удаан байвал энэ байдалдаа дасаж, ямар нэг зүйлийг өөрчлөх чадвартай гэдэгт итгэх итгэлээ алддаг аж.

Амьтныг бодвол хүний процесс илүү нарийн төвөгтэй, гэхдээ л бидэнд ч зохиомлоор үүссэн сул дорой байдал ажиглагддаг. Ийм хүмүүс идэвхгүй, амьдралаа сайжруулах гэж хичээдэггүй, ашигтай нөхцөлтэй таарсан ч шийдвэр гаргаж чаддаггүй аж. Өмнө нь хичээж байсан ч хэдэнтээ бүтэлгүйтсэн хүн дараагийн удаад ямар ч идэвх зүтгэл гаргахгүй байх нь бий.

Харин 2016 онд хийсэн сэтгэлзүйчдийн туршилтаар хүн сул дорой байдалд суралцдаггүй, харин анхнаасаа ийм болж төрдөг гэсэн үр дүн гарчээ. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар, хүмүүс сул дорой төрөх бөгөөдөөрийнх нь үйлдэл үр дүн авчирдаг гэдэгт нөхцөл байдал, орчны нөлөөллөөр итгэж эхэлдэг , зарим тохиолдолд ийм таатай өөрчлөлт гардаггүй аж.

Ямартай ч амьдралынхаа туршид бүтэлтэй туршлага олж аваагүй, хүчин чармайлтынхаа шагналыг хүртээгүй хүмүүс нөхцөл байдалтайгаа, ядууралтай ч эвлэрдэг байна.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/544640


URL: