С.Тайван: Ахмадуудын цагаан сарын бэлэг, хадгийг маш хямд зарна гээд зураг тавьдаг. Үүнд хүмүүс итгэж мөнгөө шилжүүлээд алдчихдаг

download

“Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг өчигдөр BlueSky зочид буудалд болсон.

Тус хэлэлцүүлэгт Эрүүгийн Цагдаагийн Албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.Тайван Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээллийн талаар танилцууллаа.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд 35,000 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8,000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Тэгэхээр дөрвөн гэмт хэргийн нэг нь цахим орчинд үйлдэгддэг гэсэн үг.

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг дотроо цахим залилан 90 гаруй хувийг эзэлдэг. Цахим залилангийн гэмт хэргийн судалгааг аваад үзвэл нэг цагт нэг хүн хохирдог бөгөөд иргэдэд нийт 21 тэрбум 900 сая төгрөгийн хохирол учирсан байна. Тус гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 77 хувиар өссөн.

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсны дараа цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс иргэдийг хохирохоос нь өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ач холбогдолтой байна. Үүний тулд цахим орчинд нийтлэгдэж буй мэдээ мэдээлэлд тодорхой хэмжээний шүүлтүүр тавиад, тэр мэдээлэл нь иргэдэд хүрэхгүй байх боломжийг бүрдүүлэх нь чухал юм.

Жишээлбэл, цагаан сар болох гэж байгаатай холбоотой ахмадуудын бэлэг, хадгийг зах зээлийн ханшнаас доогуур маш хямд үнээр зарна гээд зураг тавьдаг. Үүнд хүмүүс итгэж мөнгөө шилжүүлээд алдчихдаг. Тиймээс цахим орчны гэмт хэрэгтэй яаралтай тэмцэж, иргэдэд энэ төрлийн мэдээллийг бага түгээлгэх нь бидний гол зорилго болоод байна. Ингэж хэмээн чадвал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна” гэв.

URL: