Шинэ Үндсэн хуулиар түрий барих “ЭРХ МЭДЭЛ МАНайх ДРАМА”

undhuuliЭрх баригч, МАН-ын төлөвлөсөн, багагүй хугацаанд зохиол нь бичигдсэн “ЭРХ МЭДЭЛ МАН-айх ДРАМА” үзэгчдийн хүртээл болоход тун удахгүй боллоо. Өөрөөр хэлбэл бүх ард түмэн биш эрх баригч МАН Үндсэн хуульд гар хүрэх замаар Тавдугаар шинэ Үндсэн хуулийг баталж, Монгол Улсын төрийн дээд байгууллага, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Ардчилсан Монгол Улсыг “Нийгмийн чиг баримжаат ардчилсан Бүгд Найрамдах Монгол Улс” болгон өөрчлөх гэж байна. Энэ зохиол сүүлийн 3 жил эрчимтэй бичигдэж, “промо”-г нь эрх баригчдын сонгосон туслах дүрүүд идэвхийлэн цацав. Монгол Улсад тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд ам ангайх бүртээ шахам “гуагчсан” хүмүүс бол тэр туслах дүрүүд. Та бүхний мэдэж буйгаар “кет”-тэй нөхрөөс эхлээд олон хүн бий. Энэ зохиолыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бичсэн мэт харагдаж байгаа боловч ерөнхий продюссер нь МАН. Тэдний хооронд боломжийн тохироо хийгдсэн нь тодорхой.

Шинэ Үндсэн хуульд орж байгаа гол өөрчлөлтүүд

  • Монгол Улсын хууль санаачлах, батлах эрх бүхий байгууллага нь дээд, доод гэсэн хоёр танхим буюу Улсын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай нийлээд 165 хүнтэй байна.
  • Дээд танхим буюу Монгол Улсын Их хурал 90 хүнтэй /төлөөлөгч/ байх бөгөөд 90 хүний 75-ийг нь иргэд сонгоно. Харин үлдсэн 15-ыг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд томилно. Үүнд өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүнийг 3-аас дээш удаа хийж байсан хүн шууд томилогдох эрхийг нээж өгсөн. Энэ нь Намбарын Энхбаярын хүсэл. МАН-ын Н.Энхбаярт барьсан бэлэг мэт нэг сумны хоёр ан. Зургаан жил Ерөнхийлөгчийн албаа хашаад дахин боломжгүй болох гэж байсан №1-ийн “голден баззер”.
  • Доод танхим буюу Монгол Улсын бага хурал нь 75 гишүүнтэй байна. Гишүүдийг пропорциональ системээр сонгоно. Өөрөөр хэлбэл нөгөө “заваан” жагсаалтаар сонгох тогтолцоо. Тодруулбал, сонгогчид сонгуульд санал өгөхдөө зөвхөн сонгуульд оролцож байгаа намын нэрийг л дугуйлна. Нийт сонгогчийн 10 хувийн санал авсан нам 7,5 суудал, 20 хувийн санал авсан нам 15 суудал гэх зарчмаар суудал эзэлнэ. Тэгэхээр Бага хуралд суух гишүүд нь ард түмэнд гологдсон, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, нүүрсний хулгайчид, намдаа мөнгө өгсөн зэрэг дахин төр түшилцэх нүүргүй болсон хүмүүст том завшаан.
  • Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгохгүй. Их хурал, Бага хурлын гишүүдийн саналаар томилдог болно. Тодруулбал, дээд, доод танхимийн 9 гишүүн санаа нийлбэл нэг хүнийг ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Ингээд хоёр танхимийн нийт гишүүдийн саналаар тодруулна.
  • Монгол Улсын хүний эрхийн дээд зөвлөл гэх “бүгдийн оройд залрах” шинэ эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчөөр ахлуулсан 25 хүний бүрэлдэхүүнтэй байгууллага бий болно. Тэд хянана, өршөөнө, шүүнэ. Хэнийг аварч, хэнийг “алах”-ыг тэд мэднэ.

Энэ мэт тогтолцоо, эрх мэдлийн томоохон өөрчлөлтэй шинэ хуулийг хүчээр баталж, 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн хавтсыг хаах нь. Энэ хуулийг Монголчуудыг бөхөө үзэж, бүхэл мах идэж байх хооронд буюу Сар шинийг дайруулан батална.

Энэ “драма”-ны эхний хэсэг аль хэдийн олон нийтэд хүрч эхэлсэн. Энэ эхлэл бол Н.Учрал гишүүний санаачилж, УИХ-ын “хүчиндэж” баталсан, Ерөнхийлөгчийн хориг тавилгүй яаравчлуулан “зүтгүүлсэн” “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” гэсэн гоё нэртэй хүний эрхийг боомилсон хууль байв. Тус хууль батлагдсан нь “ЭРХ МЭДЭЛ МАНайх ДРАМА”-ны хундаам бөгөөд Шинэ Үндсэн хуулийг эсэргүүцэж дуугарах хүмүүсийн амыг үдэх нээнтэг болчихлоо. Хэрэв хэн нэгэн үг дуугарвал “нээв шаг. Мад”.

Үргэлжлэл бий…

Б.Мөнх-Эрдэнэ

Toim.mn


URL: