Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьснаар үйлчлэх хугацаа нь түдгэлзлээ

63d73fef5c9be

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, түүнийг дагалдах 4 хуульд хориг тавилаа. Тус хуулийг дагалдуулан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, “Дээрх нэр бүхий хуулийг хэлэлцэх явцад олон нийт, судалгааны болон мэргэжлийн байгууллага, иргэдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй гэж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн заалт дээр хүний эрхийг хамгаалахад тодорхой бодлогоор, хуулийн хүрээнд ажиллаж, хуулийг хэлэлцэн батлахдаа, тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллага, ард иргэдийн санаа бодол, оролцоог хангах ёстой”-г дурдав.

УИХ дарга чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эдгээр хуулийг 2023 оны 1 дүгээр сарын 26-нд ирүүлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хуульд бүхэлд нь хориг тавьсан үндэслэлийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал тайлбарлалаа. Тэрбээр, “Хуулиудыг 1 дүгээр сарын 18-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсний дараа хэлэлцэж, 2 хоногт эцэслэн баталсан. Ингэхдээ олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуульд заасан “Иргэд, байгууллага, хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна” гэсэн зүйл, “Ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг зөрчсөн. Төр иргэнийхээ өмнө хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хүлээдэг. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй хэмээн үндсэн эрхээ эдлэх хязгаарлалтыг тогтоосон байдаг. УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа ард олон, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгуулагын санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэн батлах ёстой”-г тэмдэглэсэн юм.

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Дээрх хуулийг 1 дүгээр 26-ны өдөр хүлээн авснаас хойш ажлын 5 хоног гэвэл 2 дугаар сарын 1-нд хориг тавих сүүлийн хугацаа дуусна. Гэтэл УИХ хуулийг дагаж мөрдөх хугацааг батлахдаа 2 дугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох, Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсныг буруутгаж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр хориг тавьбал хаврын чуулганаар хэлэлцэнэ. Чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлснээс хойш 14 хоногт хоригийг хэлэлцэх ёстой. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын асуудал. Хуульд бүхэлд нь хориг тавьсан тул 2 дугаар сарын 1-нээс хуулийн үйлчлэл түдгэлзэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцоллоо.


URL: