Хиймэл оюун ухааны тусламжтайгаар Битлз хамтлаг сүүлчийн дуугаа гаргана

beatlesДомогт “The Beatles”-ийн Жон Ленноны хуурцагт бичиж үлдээсэн,  дуусгаж амжаагүй нэгэн дууг хиймэл оюун ухааны тусламжтайгаар үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.

Энэ тухай тус хамтлагийн гишүүн Пол Маккартни BBC-д өгсөн ярилцлагадаа:  “Хиймэл оюун ухааны тусламжаар Ж.Ленноны дуу хоолойг гаргаж чадлаа. Энэ дуу нь Битлзийн сүүлчийн бүтээл байх болно. Бид дуугаа энэ оны сүүлээр олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна” гэжээ.

Тус хамтлаг 1970-аад оны сүүлээр Ж.Ленноны дуусгаж амжаагүй нэгэн хөгжмийг гүйцээн “Free As A Bird” нэртэй шинэ дуу хийж 1996 онд гаргасан юм. Гэхдээ тухайн үед технологийн хэмжээнд төгөлдөр хуур дагалдан бичсэн моно демо соронзон хальснаас зөвхөн Ленноны хоолойг гаргаж авах боломжгүй байсан тул тухайн үед амьд байсан “Битлз”-ийн гишүүдийг оролцуулан шинэ дуу зохиосон аж.

“Битлз”-ийн түүхийн төгсгөлийг чимэх энэ дуу ямар мессежийг агуулсан байх нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна.


URL: