SOS I Усны ослын тохиолдлоор нас барах нь нэмэгджээ

358579242_660029962818900_6456616513095884400_nҮер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ЦУОШГ-ын технологич, инженер Б.Цасанчимэг нар өчигдөр (2023.07.18) мэдээлэл хийв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: 

-Улаанбаатар хотод долдугаар сарын эхэнд их хэмжээний бороо бороо орсны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Ингэснээр Сэлбэ голын далан сэтэрч, нийслэлийн 26-р хорооны 331.6 мянган өрхийн 121.1 мянган хүн үерт өртлөө.

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үерт өртсөн 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан. Үерийн ус далан давсантай холбоотойгоор даланг хүчитгэх, аюулгүй болгох чиглэлээр нийт 80 мянга орчим шуудай, 900м.куб элс шороо байрлуулахаар 300 орчим машин механизм ажиллаа.

Өнгөрсөн хугацаанд дээрх үер усны ослоор хүний амь нас эрсдээгүй. Гэтэл аялал зугаалгаар явж, байх хугацаанд усны ослын тохиолдол нэмэгдэж байна.

Усны ослын тохиолдлоор ойрын өдрүүдэд хүн нас барах нь нэмэгдлээ.

Зөвхөн баяр наадмын өдрүүдэд есөн хүн осолдлоо.

Одоогийн байдлаар дөрвөн цэг дээр зургаан хүний цогцсыг хайх арга хэмжээ зохион байгуулж байна. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн, голын усны өнгө булингартсан, лаг шавартай байгаа учраас эрлийн ажиллагааг зохион байгуулахад хүндрэл гарч байгаа.

Бид өнөөдөр гэхэд Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Булган аймгийн Могод сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд эрлийн ажлыг зохион байгуулж байна. Нас барсан хүмүүс дунд бага насны хүүхэд байгаа. Хоёр хүүхэд нас барсан. Шалтгааныг бид судалж байна.

Бага насны хүүхэд гэрээсээ гараад, сураггүй алга болсон дуудлагаар ажиллахад усанд осолдсон байдалтай олдсон.

Санамсар болгоомжгүйгээс, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн, морь унаж гол гатлах гэснээс болж усны осолд өртөж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл:  

-Баяр наадмын өдрүүдэд 11 аймгийн 22 суманд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн байна. Үер устай холбоотой ослоор нийт есөн хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа.

Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд таван хүнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр дамжиж өнгөрдөг төмөр замын үерийн далан усанд урсаж, төмөр замд эвдрэл гэмтэл гарсныг УБТЗ-аас шуурхай засварлаж хэвийн горимд шилжүүллээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Өвөрхангай, Хөвсгөл, Булган,Говьсүмбэр аймгуудад олон тооны мал үерийн усанд урсаж, хорогдсон. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газарт ирсэн тоон мэдээллээр 2300 гаруй бог мал усанд хорогдсон байна. Урсаж хорогдсон малын сэг зэмийг олж цуглуулах, устгах ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд олон нийтийг аялаж зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.


URL: