АН-ынхан “хаяг” андуураад байна уу?!
“Ногоон автобус”-ны тендерийн хулгай нүүрснийхээс дутуугүй олны анхааралд байна. АТГ-аас зөвхөн “ногоон автобус” гэлтгүй сүүлийн 10 гаруй жилийн автобусны худалдан авалтыг шалгаж байгаа юм. Худалдан авалт бүрээс нь асуудал ундарч буй бололтой. Эцэст нь ганц л ноцтой асуулт гарч ирэхээр байна. Хотын иргэд сүүлийн 13 жилийн хугацаанд шинэ автобус “унасан” уу. Хууль хяналтынхан эцэслэн тогтоогдох үед энэ асуултад хариулттай болно. Тэгвэл АН-ынхан “ногоон автобус”-аар нийтийн сонсгол хийх санаачилгыг сар гаруйн өмнөөс гаргасан. Ажлын хэсэг гарсан. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө УИХ дахь бүлэг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд УИХ-ын даргад өргөн барихаар болсон юм. Гэхдээ одоогоор энэ асуудлаар нийтийн сонсгол юу болж дууссан нь тодорхойгүй байна. Ямартай ч таг чиг болоод байгаа юм.
Харин хууль, журмыг нь үзэх нээ, АН-ынхан маань “хаяг” андуураад давхиад байгаа бололтой. “Ногоон автобус”-ны сонсголыг заавал УИХ-аас биш НИТХ-аас зохион байгуулж болох юм байна. “…Болно” ч гэж ер нь НИТХ автобусныхаа асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж болох эрх зүйн орчинтой аж.
Нийтийн сонсголын тухай хуулийн “…Ерөнхий хяналтын сонсгол” хэмээх наймдугаар зүйлийн 8.3-т “…Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гээд 8.3.1-т “…ИТХ-ын нийт төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан”, 8.3.2-т “…Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг ИТХ хэлэлцэн хүлээн авсан”, мөн 8.7-д “…Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол ХЭҮК-оор дүгнэлт гаргуулж болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хууль зааснаар АН-ынханд сонсголоо явуулах нэг бус гарц байна. Юу гэвэл, өөрийнхөө намын төлөөлөгч нар дээр ХҮН-ынхныг “элсүүлчихэд” НИТХ-ын нийт төлөөлөгчийн бараг дөрөвний нэг нь болчихно. Үүн дээр МАН-аас “…Ногоон автобус”-аар нийтийн сонсгол хийе” гээд дэмжчих төлөөлөгч дахиад ийм дайны гарах боломжтой.
Эсвэл ХЭҮК-оор дүгнэлт гаргуулж болно. Баталгаагүй автобусаар 10 гаруй жил зорчсон нь хотын иргэдийн эрхийг хөндсөн асуудал мөнөөс мөн. Тийм биз дээ. Тэгэхээр “…Энэ эрхийг чинь хамгаалж нийтийн сонсгол хийлгэе” гэхэд хотынхон тэр чигээрээ л гарын үсгээ өгнө дөө. Ер нь тэгээд энэ нь УИХ-ыг царайчилж авснаас ч амар хувилбар юм.
Тэгээд ч мөрдөх байгууллагаас 10 гаруй хоногийн өмнө албан ёсоор мэдээлэл өгөхдөө “…Хотын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд Нийслэлийн засаг даргад захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. Захирамж гарч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Гэвч нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчин, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хууль бий. Үүнд бүгд тодорхой заасан байдаг. Харин НЗДТГ-аас Тагнуулын байгууллага руу зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан. Сангийн яамнаас тодруулах саналыг тусгахын сацуу “…Автобусны худалдан авалт нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хамаарч болох юм” гэсэн утга бүхий зүйлийг хариу албан бичигт тусгасан. Сангийн яамнаас НЗДТГ-т “…Холбогдох журмын дагуу зохион байгуул, 3.4-д заасан агуулгад хамаарахгүй юм байна” гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн байдаг. Тэгэхээр “ногоон автобус”-аар сонсгол хийх газар нь яахын аргагүй НИТХ болоод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, АН-ынхан “хаяг” андуурч УИХ руу явж байхаар НИТХ-д хандвал ажил хэрэг нь арай амар бүтэх нигууртай юм байна шүү.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: