Хүүхдээ ханиад хүрсэн бол цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрээр эмчлэхийг зөвлөлөө

IMG_5867Эрүүл мэндийн байгууллагуудаас өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө мэдээллийг өглөө.

Иймд эцэг эхчүүд шууд эмнэлгийн яаралтай хүлээн авах дээр хүүхдээ дагуулж, 103 дуудахаасаа илүү ойр байгаа буюу ачаалал багатай өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандахыг эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөв.

Энэ жилийн томуугийн өвчлөлийн онцлог болон түүнээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид юуг анхаарах ёстой талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх баг дараах мэдээллийг танилцууллаа. 

Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдал, эмнэлзүйн ажиглалтаас харахад нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх байдал ажиглагдаж байгаа аж. Иймд нярай хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлээд давтан хоёр хоноод эргэж үзүүл гэсэн тохиолдол заавал эргэж хандах шаардлагатай гэв.

Нярайн аминд аюултай шинж тэмдгүүд: 

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Хөхөндөө дургүй болох
  • Унтаарах

Дээрх шинжүүдийг анзааралгүй өнгөрөөж болохгүй, эмнэлэгт цаг алдалгүй хандахыг зөвлөв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Хүүхдийн дархлаа их онцлогтой учраас сайн унтуулж, хооллон хэт дааруулж, халууцуулахгүй байх зөвлөмжийг дагах шаардлагатай.

Мөн танай хүүхэд ханиадны шинж чанартай бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчилгээг нь хийж дааруулахгүй, сайн хооллож амраахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна” гэв.


URL: