Холанд дахиад л Мессид дээрэмдүүлчихлээ гэв

GOAL_-_Multiple_Images_-_2_Split_-_Facebook_61-ezgif.com-webp-to-jpg-converter-810x500FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо саяхан 2023 оны шилдгүүдээ тодруулсан билээ. Улмаар өнгөрсөн оны шилдэг хөлбөмбөгчнөөр Лионель Месси тодорсон ч хэл ам дагуулав. Зарим мэргэжилтнүүд, нэрт зүтгэлтнүүд тус шагналыг Месси бус Холанд хүртэх ёстой байсан гэв. Тэдний нэг болох Германы алдарт хөлбөмбөгчин Лотар Маттеус “Месси энэ удаад ялагч байх боломжгүй ээ. Тэр сүүлийн 20 жилийн шилдэг нь байж болох ч Парис, Майамид хүлээлт үүсгэж, томоохон цомд түрүүлээгүй” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэв амжилт харж байгаа бол Манчестер Ситиг өнгөрч болохгүй. Тэгэхээр Эрлин Холанд бол шилдэг тамирчин. Тэр Сититэй олон чухал тэмцээнүүдэд түрүүлж, өөрийнхөө ур чадварыг гайхуулсан. Энэ бол шилдгийг тодруулахад гол үзүүлэлт болох ёстой. Тиймээс шилдэг хөлбөмбөгчин бол Холанд байсан” гэжээ.

Норвеги залуугийн тухайд 2023 онд Манчестер Ситигийн хамтаар Премьер лиг, ФА кап, УЕФА Аваргуудын лиг гэсэн гурван том тэмцээнд түрүүлж, гайхалтай амжилтыг үзүүлсэн. Харин Месси ПСЖ-ийн хамтаар Францын дээд лигт түрүүлж, улмаар Интер Майамитай нэгдэн лигүүдийн цомд түрүүлсэн амжилттай.

Олон нийтийн сүлжээнд ч Мессид шагнал өгсөн FIFA-г шүүмжилсээр байна. Тухайлбал, “Месси 2023 онд яг ямар амжилт үзүүлсэн юм бэ? Хөлбөмбөг ч өөрчлөгджээ”, “2022 онд дэлхийн аваргад түрүүлсэн амжилтаараа Месси 2050 он хүртэл алтан бөмбөг хүртэх юм байна”, “Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том хулгайн гэрч бид боллоо” гэх мэтээр сэтгэгдэл үлдээсэн нь олны анхаарлыг татав.

Өнгөрсөн жил мөн Холандыг алтан бөмбөгийн эзэн болох эрхтэй гэж олон хүн үзэж байсан ч эцэст нь Месси найм дахь алтан бөмбөгөө хүртэж, түүх бүтээсэн.

 

https://news.mn/r/2698160/


URL: