Орон сууцны зээлийн хүү буурах улирал эхэллээ

Хавар ирлээ. Цагаан сарын бууз, банштай өдрүүд алсран одож, бүсээ чангалах цаг хором хормоор дөхөж байна. Гэхдээ сайн мэдээ бас бий. Орон сууцны үнэ, зээлийн хүү буурчээ.

Өнгөрсөн онд ийм төрлийн зээлийн хүү 1,9-2 хувьтай байсан бол одоо 1,25 хүртлээ хямдарчээ. Дэлхийн хямрал Монголд дахин нөлөөлж эхэлсэн нь энэ. Монголчууд шинэлж байхдаа зэрэгцэн Египетэд төрийн тэргүүнээ суудлаас нь “ховхлох” гэсэн сөрөг хүчин, олон нийтийн бослого дэлхийн мөнгөний урсгалыг саатуулав. Учир юу гэвэл, Ирландын улайсан дансыг хоосруулахгүйн тулд Европын холбоо болоод Дэлхийн банк, Олон улсын валютын сан байдгаа “сэгсэрсэн”.

Харин одоо эртний фараонуудын өлгий мөргөлдөөний талбар болж, банкны систем нь тэр аяараа зогссон. Монголын дөрвөн оюутан тэнд үлдэх хүсэлтэй байгаа тухай телевизийн мэдээ олны анхаарлын төвд бас байна. Америкуудын ажилгүйдэл буурч Хятад, Японоос авах импорт нь нэмэгдсэнээр даяаршсан хямрал намжих нь гэж эдийн засагчид итгэж байв. Гэтэл сфинксийн элсэн далай дахь буун дуу ирж яваа улирлыг сэдрээлээ. Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн энэ жагсаалын улмаас египет паунт “ногоон”-той харьцах ханш хоёр хувиар унажээ. Бослогын улмаас өдөрт 250 сая еврог пирамидын эзэд салхинд хийсгэж байна. Энэ алдагдал бол хямрал сэдэрсний эхний шинж. “Монгол Улсад дэлхийн эдийн засгийн хямрал огт нөлөөлөхгүй. Сэтгүүлчид л хөөрөгдөж байна” гэж Сангийн сайд С.Баярцогт хэлсэн.

Гэтэл хямрал юань, ам.долларын ханшийг өөрчлөх төдийд л алдагдал хүлээдэггүй гэж үү. “Санхүүгийн хямрал эхлэхээс өмнө ам.долларын ханш 1160-70 төгрөгтэй тэнцэж байлаа. 1160-1460 төгрөгийн хооронд 300 төгрөгийн зөрүү байна. Манай гадаад худалдааны дийлэнх нь Хятадтай хийгдэж, ихэнх нь ам.доллараар тооцогдож байна. Нэг тэрбум ам.долларын арилжаа Хятадтай хийлээ гэхэд, 300 төгрөг маань 300 тэрбум төгрөгийн алдагдал болоод ирж байна. Юанийн ам.доллартай харьцах ханш нэг юаниар чангарлаа гэхэд бид дахиад төгрөг-ам.долларын ханшин дээр алдагдал хүлээж байна” гэж нийтлэлч Б.Оюунбилэгт хэлсэн.

“Ройтерс” агентлагийн өчигдөр Улаанбаатарын 14.50 цагийн байдлаар мэдээлснээр еврогийн ам.доллартай харьцах ханш 1,36 болж сүүлийн хоёр сарын хамгийн доод үзүүлэлтэд хүрчихэж. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн хүлээлт байна. Цагаан сарын бэлэг, сэлтэнд шингэсэн үнийн өсөлт хэзээ буурах бол гэсэн хүлээлттэй хамт орон сууцны үнийн таамаг газар авчээ. Хямралаас өмнө болон дараа нь зээл авсан барилгын компаниуд одоо “шарх”-аа нөхөх ганц боломж нь хавар.

Тиймээс хямдралыг хамгийн түрүүнд зарлах ёстой нь тэд гэдэгт эдийн засагчид эргэлзэхгүй байна. Алдагдлаас эмээж, жоорлосон сууцаа ирэх улиралд багтаан худалдаж чадахгүй бол бизнесийн дараагийн мөчлөгийнхөө тухай бодох ч боломжгүй болж байна. “Эргэлтийн хөрөнгөө зузаатгаж, дэлгүүрээ хаачихгүйн тулд захын үнээс ч доогуур ханшийг санал болгохоор шийдсэн. Энэ бол хямралын үед баримтлах миний шинэ менежмент. Ихийг цааш хийхдээ бус бизнесээ дампууруулчихгүй эргэлтийн мөнгөтэй байх нь хамгийн чухал” хэмээн барилгын материалын дэлгүүрийн эзэн Ц.Манлай ярьж байна.

Бизнесмэнүүд хямралын үеийн шинэ менежментэд шилжсэний нэгэн илрэл нь банкны орон сууцны зээлийн хүү буурчээ. “Голомт” банкны зээлийн хүү 1,3, харин ХАС банкных 1,4, ХААН банк 1,5, Худалдаа хөгжлийн банк 1,25 хувийн хүү санал болгож байна.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих