Нөөцийн мах баталгаагүй, чанаргүй бүхнийг шингээдэг “ходоод” биш

Нийслэлчүүд хавар задлах үүцээ хамаагүй эрт идээд эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл,Махны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, үнийг тогтвортой барихаар жил бүрийн хавар борлуулдаг нөөцийн махаа холбогдох хүмүүс цагаан сараас өмнө буюу өнгөрсөн сарын дундуур худалдаанд гаргачихсан хэрэг.

Уг нь нөөцийн мах худалдаалах хугацаа хэдий орой байна төдий чинээ махны үнэ тогтвортой байх боломжтой. Урд жилүүдэд хатах хавраар буюу гуравдугаар сарын дундуур нөөцийн махыг хэрэглэгчдэд хүргэдэг байсан. Гэтэл энэ онд хаврын тарчиг цаг айлчлаагүй байхад үүцээ задалчихсан тул махны эрэлт ихсэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж нийслэлчүүд махны хомсдолд орохгүй гэсэн баталгаа алга. Эдүгээ мах үнэтэй буй дээрээс Засгийн газраас УИХ-д махны НӨАТ-г тэглэх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан ч дэмжигдээгүй нь нөөцийн мах зах зээлийн ханшаас төдийлөн хямд үнээр борлогдох боломжгүй байгаа аж.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах нөөцлөх Засгийн газрын тогтоол гарч, 1500 тонн үхэр, 8000 тонн хонь, 2500 тонн ямааны махыг “Max Импекс”, “Жаст Агро” зэрэг 14 аж ахуйн нэгж нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж бэлтгэсэн билээ. Уг бэлтгэсэн махыг 0.5 – 3кг-аар жижиглэн савлаж, хонины махыг кг тутмыг 3000, үхрийн мах 3500, ямааны мах 2400 төгрөгөөр нийт 267 худалдааны цэгээр борлуулж байна хэмээн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс мэдээлж буй.

Энэ удаад нөөцийн маханд төрөөс зургаан тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Гэвч энэ мөнгийг Засгийн газар нийслэлийн Төрийн сангаар дамжуулж өгдөг. Өөрөөр хэлбэл, нөөцийн мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаа мөнгө өгдөггүй. Борлуулсан махны кг тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог. Ийн холбогдох мэргэжилтнүүд нөөцийн мах зах зээлийн ханшаас 400-500 төгрөгөөр хямд зарагддаг хэмээн тайлбарладаг. Гэвч мах бэлтгэдэг компаниуд намар мах хямд үед махаа бэлтгэчихээд хавар үнээ хөөрөгддөг. Нэг талаас ядуу төр махны үнээ өөрөө хөөрөгд-дөг гэсэн үг.

Тиймээс махны үнийг тогтвортой, хямд байлгахын тулд Засгийн газар бэлэн мөнгөөр мах нөөцлөх хэрэгтэй хэмээх иргэд байна. Улаанбаатарчууд жилд 203 мянган тонн мах хэрэглэдэг гэх судалгаа бий. Нийслэлчүүдийн махны хэрэгцээнд зориулж, махны үнийг тогтвортой барихаар Засгийн газраас зургаан тэрбум төгрөг зарцуулж мах бэлтгэж байгаа ч нөөцийн гэх тодотголтой энэхүү мах төдийлөн “үүргээ” биелүүлж чаддаггүй. Жил бүр махны үнийн хөөрөгдөл иргэдийг сөхрүүлсэн хэвээр байна.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар мах бэлтгэдэг ихэнх аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрийн бус аргаар малчны хотонд бэлдсэн махаа нөөц маханд нийлүүлдэг. Мөн “Багахангай” зэрэг үйлдвэр бэлтгэх гэрээт махаа бүрэн нийлүүлдэггүй. Гарал үүслийн гэрчилгээгүй мах их хэмжээгээр орж ирдэг. Max бэлтгэдэг 14 аж ахуйн нэгжийн дийлэнх нь бэлтгэсэн махаа хадгалах өөрийн агуулах байдаггүй. Агуулахтай цөөн компани нь багтаамжгүй байдаг зэрэг зөрчил илэрчээ.

Харин иргэдийн зүгээс нөөцийн мах бэлтгэдэг компаниуд Засгийн газраас хөнгөлөлт авчихаад хүн худалдаж авах аргагүй туранхай мах зах зээлд нийлүүлж, маш их ашиг олдог. Нөөцийн мах борлуулж буй махны сав баглаа боодолд огт анхаардаггүй. Мөн энэхүү нөөцийн мах зохих эзэндээ хүрч буй эсэхийг шалгаж хянадаггүй. Нөөцийн маханд гуя байдаггүй. Max нэртэй болохоос биш яс голдуу мах борлуулдаг. Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж дан цул мах, ястай мах гэхчлэн ангилж зарах хэрэгтэй гэх санал, гомдол тасардаггүй. Энэ онд ч дээрх гомдол, саналууд үргэлжилж байна.

Нөөцийн мах, зах зээл дэх махны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, үнийг тогтвортой барих зорилготой бэлтгэгддэг. Гэвч нөөцийн мах баталгаагүй, чанаргүй бүхнийг шингээдэг “ходоод” болчихсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, жил бүр бэлтгэгддэг нөөцийн маханд эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь бүрхэг, хүн идэх аргагүй шахам туранхай мах нийлүүлэгдсэн хэвээр. Юуны түрүүнд нөөцийн маханд баталгаатай, чанартай мах нийлүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж махаа илүү нарийн ангилж борлуулдаг болохыг иргэд хүсч буй нь дамжиггүй.

Т.Сэлэнгэ

“Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих