“Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам шударга биш болох зам руугаа оровоо, хөөрхий
Галигаагийн Баярсайхан миний бие МАН-аас зарласан “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадамд тусгаар тогтнолын сэдэвтэй “Тусгаар тогтнолын улаач”, эх орны сэдэвтэй “Эх орны минь хишиг” шүлгүүдээрээ оролцсон. “Тусгаар тогтнолын улаач” шүлэгт жанжин Д.Сүхбаатар маань цэрэгт мордохоосоо өмнө хэсэг хугацаанд улаач хийж явсныг жирийн нэг улаач биш тусгаар тогтнолын улаач байсан, Модун Шаньюу, Чингис хаан нартай эн зэрэгцэх агуу их хүн гэдгийг харуулахыг зорьсон.
“Эх орны минь хишиг” шүлэгтээ: “Монгол эх орондоо бид баян тансаг амьдарна” гэсэн санааг харуулахыг оролдсон. МАН-аас зарласан уралдаан болохоор тухайн нөхцөл байдалд тохируулахыг хичээсэн нь 2 шүлгийн нэрнээс харагдах буй заа. Гэтэл, “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан сонгон шалгаруулах журам, шат дарааллаа зөрчин мордохын хазгай гэгчээр эхнээсээ л хуудуутай болж эхэллээ. Баримт түшин ярих шаардлагатай учир, тухайн уралдааны болзлыг Та бүхэнд эргээд нэг сануулах нь зүйтэй болов уу.
Үүнд: МОНГОЛ АРДЫН НАМЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ТУСГААР ТОГТНОЛЫН ЦОМ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ Монгол улсад Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын эх орончдын өдөр, Монгол Ардын Намын 90 жилийн ойд зориулан Монгол Ардын Нам, “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран зохион байгуулж буй “Тусгаар Тогтнолын Цом” яруу найргийн наадам 2011 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12,00 цагт Улсын драмын эрдмийн театрт болно.
Тус наадамд оролцох яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй 2 шүлгийг 2011 оны 02-р сарын 24-нийг дуустал Монгол Ардын Намын төв байрны 113 тоот өрөөнд /“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны өрөө/ хүлээн авна. Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 25 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч Соёлын төв өргөөнд шүлгээ уншина. Шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчаас дараагийн шатанд 15 яруу найрагч, 15 яруу найрагчаас сүүлийн шатанд 5 яруу найрагчийг шалгаруулж 1-5-р байр эзлүүлнэ. Шагналын сан 10 сая төгрөг. Наадамд Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч, “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд оролцсон бүх яруу найрагчдад дурсгалын зүйл гардуулна Шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчийн нэрийг 2011 оны 02-р сарын 25-ны өдөр Монголын Үнэн болон өдөр тутмын сонинд нийтлэж, Монгол Ардын Намын төв байр, Монголын Зохиолчдын Эвлэлийн байрны мэдээллийн самбарт байршуулна. Монгол Ардын Нам “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбоо Монголын Зохиолчдын Эвлэл Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Утас: 99076587, 50067828 гэжээ. Уралдааны удирдамж нэн тодорхой бөгөөд овоо шударга наадам болохнээ гэсэн итгэл төрүүлэхээр буйг Та бүхэн анзаарсан болов уу.
Харамсалтай нь, ийм байж чадсангүй. “Шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчийн нэрийг 2011 оны 02-р сарын 25-ны өдөр Монголын Үнэн болон өдөр тутмын сонинд нийтлэж, Монгол Ардын Намын төв байр, Монголын Зохиолчдын Эвлэлийн байрны мэдээллийн самбарт байршуулна” гэсэн, 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байтугай, 26-ны өдөр ч Монголын Үнэн болон өдөр тутмын сонинд энэ талаар юу ч гарсангүй. Монгол Ардын Намын төв байр, Монголын Зохиолчдын Эвлэлийн байрны мэдээллийн самбарт 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр байтугай, 26-ны өдөр ч бас л энэ талаар юм гарсангүй. Вэб хуудсанд нь ч юм алга. “Бүтээлээ ирүүлсэн яруу найрагчдаас 25 яруу найрагч дараагийн шигшээ шатанд шалгарч Соёлын төв өргөөнд шүлгээ уншина” гэсэн, ийм юм болохгүй гэдгийг баттай эх сурвалжаас мэдэж авлаа. Монгол Ардын Намын төв байрны 113 тоот өрөө/“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны өрөө/-нд миний шүлгүүдийг хүлээн авсан Цэвээндорж гэдэг хүнтэй 995291… дугаарын гар утсаар нь 2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 11.58 цагт холбогдов. Тэрбээр: “Соёлын төв өргөөнд урьдчилсан шалгаруулалт болохгүй ээ, “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадмын ша лгаруулалт 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 12.00 цагт Улсын драмын эрдмийн театрт шууд явагдах болсон” гэж хээв нэг хэлж байх юм. Тендер будлиуллаа гэдэг шиг иймэрхүү нэг тэмцээн 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 12.00 цагт болоод өнгөрөх юм байна л даа.
Ингэх л байсан юм бол, юугаа бодож сонгон шалгаруулах журам, шат дараалал гэхчлэн гоё гоё юм болзолдоо дурддаг байнаа. Уг нь, болзолдоо заасан ёсоор шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчийн нэрийг 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монголын Үнэн болон өдөр тутмын сонинд шүлэгтэй нь хамт нийтлээд, 25 яруу найрагч Соёлын төв өргөөнд шүлгээ уншиж урьдчилсан шалгаруулалт хийх журмаараа явсан бол харгүй сайхан байхсан. 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа МАН-д мөнгө дутна гэж баймааргүй юм, бодвол НАМЗХ-ныхны хийж буй ээлжит булхай бизээ. Нөгөө талаар, авьяастай сайн шүлэг бичдэг нь биш, шалихгүй хэдэн үг эвлүүлснээ сайхан уран уншдаг хүмүүс нь “манддаг” байдаг л нэг яруу найргийн тэмцээн болоод өнгөрөх нь. Шигшээ шатанд шалгарсан 25 яруу найрагчийн шүлгийг урьдчилаад нийтэлчихсэн бол, түмэн олон уншигчид маань ч шүүн хэлэлцээд санаа бодлоо илэрхийлэх байсан байлгүй дээ. Монголын зохиолчдын эвлэл бас энэ тэмцээнийг зохион байгуулж буй хуулийн этгээд, удирдлагын хүмүүс нь энд шүүгчээр оролцож байгаа юм билээ. Хорин жилийн өмнөх арга барилаасаа нэг салж үзээсэй дээ. Бие биенээ тойрч шагнасаар байгаад цус ойртчихсон юм биш биз. Ил тод, цэвэр ариун, шулуун шулуун байх учиртай зохиолчид, зохиолчдын байгууллага маань иймэрхүү юман дээр нэрээ баасдаад байвал, энэ нийгэмд иргэд бид чинь юундаа итгэж найдах болж байна даа. Миний дээр бичсэн зүйл нь үнэн бодит мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилгыг агуулсан болно.
Өнөөдөр /2011 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15.30 цаг/ бүх сонин хэвлэлийнхэн амарчихсан, вэб сайтууд ч бас амардаг юм болов уу. Миний энэхүү мэдээлийг олон нийтэд хүргэх талаар интернэтийн орон зайг төдийлөн ашиглаж чаддаггүй молхи надад сайн санаат хүмүүс минь туслаарай. Түүнээс бус энэ тэмцээнд би их сайн шүлэг бичиж оролцсон гэж өөрийгөө дөвийлгөхийг бодсонгүй, харьцуулан дүгнэлт хийх боломжийг ч тэмцээн зохион байгуулагчид олгосонгүй! 88Нийт 160-аад яруу найрагч оролцсон гэнэлээ, тэд нарт ч энэ “жижиг будлиан” сайхан санагдаагүй нь лавтай. Дараагийн долоо хоногт харьцуулан дүгнэх боломж уралдаанд оролцсон бид бүхэнд олдох байлгүй. Уралдаанд түрүүлсэн хүнд ч бас ямар л олигтой санагдав гэж. Ийм олон яруу найрагчдыг олон юм амлаж уралдуулчихаад шударга шударга хандаж болоогүй юм уу. “Тусгаар тогтнолын цом” яруу найргийн наадам 10 хоногийн өмнө зарлагдсан, миний бие хэдэн шөнө нойроо хугаслан байж бичсэн болохоор уншигч олондоо зориулан толилуулж байна. Таалан соёрхохыг хүсэе. Уншигч Та “Галигаагийн Баярсайхан” гэж google.mn-ээр хайлт хийж, миний хайр дурлалын сэдэвтэй “Мээсэжний шүлгүүд”-ийг сонирхож бас болно шүү. Бичсэн Г.Баярсайхан Утас: 88027077, 93120584
Галигаагийн Баярсайхан “Тусгаар тогтнолын цом” уралдаанд
Тусгаар тогтнолын улаач
Хоёр мянганы тэртээ өвөг дээдэс минь
Хүннү гүрнийг мандуулан төв
Азийг эзэгнэжээ
Хүүгээ золиосолсон аавдаа гомдох
Модун Шаньюу
Хаан ширээг нь булаахдаа
Хорин тавтай байсан
Нэгэн мянганы тэртээ сарнисан
Монгол аймгуудыг
Нөж атган мэндэлсэн эзэн
Чингис хураасан
Найман хүрээ шивээлэн
Хамаг Монголын хаанд өргөмжлөхүй
Насан залуу
Тэмүүжин хорин долоотой байсан
Энэ мянганы эхээр эртний өстөн дайснууд
Эх оронд минь эзэрхэг түрэмгий халджээ
Эрэлхэг жанжин
Сүхбаатар Ардын намаа удирдан
Эрх чөлөөг авчрахдаа
Xорин наймтай байсан
Модун Шаньюу, эзэн Чингис, жанжин Сүхбаатар
Мянганаас мянганд тасраагүй тусгаар тогтнолын буухиа
Монгол нутгийн төлөө хорин хэдхэн насандаа
Мориноосоо буулгүй дайтаж улсаа мандуулсан баатрууд
Хүннүгийн Модун улаачаа эзэн
Чингис рүү довтолгожээ
Хаан Чингис улаачаа
жанжин Сүхбаатар луу довтолгожээ
Хатан зоригт жанжин маань ухаа хонгороо хөлөглөн
Хойчийн Монгол баатрууд тийш өртөөлөн дүүлж оджээ.
”Эх орны минь хишиг”
Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан
Гал халуун залуу нас минь цагийн жамаар алсран байна
Зуугийн тал руу дөхсөн идэр насны өнгөн дээр
Зоргоор туулсан амьдралаа эрэгцүүлэн бодож сууна
Амьдрал бэлэглэн төрүүлж өсгөсөн аав ээжээ санана
Ачийг нь хариулах учиртай сайн хүмүүсээ ч дурсана.
Энэ бүхнээс дутахгүй ивээн тэтгэгч надад бий
Эх орон таныхаа элбэрэл буяныг мартахгүй ээ
Алтайн уулс дунд цуурай хадаан төрөхөд минь
Аав ээжийн хамт эх орон минь та бүүвэйлсэн
Хөлд орохыг оролдон унаж тусаж явахад минь
Хөрснийхөө зөөлнийг ивж шалбархай ч үгүй өсгөсөн
Чихэр ховор цагт жимсэнд дандаа явдагсан
Жигмэд, Тогмид хоёр шиг гэдсээ божийлгож баясдагсан
Сургуулийн амралт болохоор тарвага зурам эргүүлдэж
Сумын агентад тушаан хэрдээ нэг баяждагсан
Баатар хайрханы мянган салаанаас боргилон
Босго нуурт цутгах рашаанаар умдаалж өссөөн
Алтайн өндөр оргилын ар өврөөр бэлчсэн
Аргаль янгирын шүүсээр зоог барьж явсаан
Нүүрстэйн хөтөл, бургастайн хөндий хажууд байсан
Нүүдэлчин ардын хүү би даарахын зовлон үзээгүй ээ
Эмийн ургамал, хойлогийн борц авдарт байсан
Эмнэлэг домнолго гэж юунд хэрэгтэйг мэдээгүй ээ
Адуу мал минь тааваараа өснө, арвин ургац хураана
Алтайн сүрлэг уулсынхаа буян хишигт мөргөнө
Эд баялаг минь энэ юмаа гэж нүүр бардам хэлнэ
Элбэг дэлбэг Монголд төрсөн хувь заяандаа омогшино
Эрт цагийн Модун Шаньюу эрдэнийн хишиг тараадаг байсан
Энэ цагийн Монгол төр эх орны хишиг түгээдэг болсон
Газар доорх баялаг маань барагдашгүй их билээ
Гуравхан сая Монголчууд минь зовхи нь өөдөө амьдарнаа.
2011 оны 2 дугаар сар.
Улаанбаатар хот.
URL:




